/2021.11.05/: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 32.230 иргэн санал өгчээ.
Иргэдийн саналыг цаасан болон цахим хэлбэрээр авсан бөгөөд цаасан хэлбэрээр 19.323 иргэн санал өгсөн бол 12.998 хүн цахим хэлбэрээр саналаа илгээжээ. Иргэдээс ирүүлсэн саналд тулгуурлан тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэхэд авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэцэрлэгийн хүртээмж, цар тахал, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд тэргүүлсэн байна.
Энэ мэтчилэн нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлын жагсаалтыг иргэдийн саналд үндэслэн гаргажээ. Иргэдийн санал, хүсэлтээс гадна хэрэгжүүлэгч агентлаг, яамдын албан хаагчдаас нийт 966 санал авсан. Эдгээр саналын 58 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгасан буюу шийдэлтэй давхацсан, 27 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгах шаардлагатай саналыг ирүүлсэн байна. Үлдсэн 145 санал буюу 15 хувь нь ерөнхий төлөвлөгөөний дараагийн шатанд тусгавал зохилтой саналуудыг илгээжээ.
Тусгавал зохистой саналуудад сувилал, урьдчилан сэргийлэх төвүүдийг төлөвлөх, МСҮТ-ийг нэгдсэн кампус байдлаар төлөвлөх, аюултай хог хаягдлын байршил, чадавхыг нарийн тооцож төлөвлөх, ахмад болон хүүхдийн хөгжлийн төвийг төлөвлөх, соёлын өвийн ой санамжийг авч үлдэх шийдлийг тусгах зэрэг чухал саналууд илгээсэн байна.
Үргэлжлүүлэн Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дэлгэрэнгүйг нийслэлийн удирдлагуудад танилцууллаа.
Тодруулбал, Улаанбаатар хотын орон зайн төлөвлөлт, ногоон бүс, зам тээврийн сүлжээ, ачаа тээвэр, цахилгаан хангамж, мэдээлэл холбоо, түүх соёлын дурсгалт газрын ашиглалт хамгаалалт, хог хаягдлын менежмент, гамшгийн менежмент, дулаан хангамж, хууль эрх зүй гэхчлэн салбар бүрд судалгаа, тооцоолол хийн, одоогийн нөхцөл байдлыг танилцуулав.
Түүнчлэн Улаанбаатар хотыг 2040 он гэхэд суурьшил, үйлдвэр, ногоон байгууламж, тусгай бүс гэсэн хот байгуулалтын үндсэн бүтэцтэй, төвлөрсөн болон хэсэгчилсэн хангамжтай олон төвт хот болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Хотын нутаг дэвсгэрт олон нийт, орон сууц, нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гудамж, зам, талбайг байгуулах ба хуучныг шинэчлэн сайжруулах талаараа тусган, хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол маш чухал төсөл. Хүн амын нягтаршил, суурьшилтай холбоотой бодлогын бичиг баримтыг холбогдох агентлагууд хамтран нэгтгэх шаардлагатай. Цаашид нийслэлийн удирдлагын баг, хамт олон Улаанбаатар хотыг иргэндээ ээлтэй, иргэн төвтэй, алсыг харсан, ногоон байгууламж ихтэй, олон улсын түвшинд хүрсэн дижитал хот болгон хөгжүүлэхэд анхааран ажиллана” хэмээв.
Тус төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулан, НИТХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Эх сурвалж: НЗДТГ