/2021.11.05/ Ардчилсан намын “Онц Их Хурал” өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд болж байна.
Уг хуралд Ардчилсан намын Хоёр зуун мянган гишүүд, Монгол улсын өнцөг булан бүрээс сонгогдсон 1,318 төлөөлөгч, дэмжигчид оролцож байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн шийдвэрлэх юм.
Хуралд МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, МУ-ын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн засаг дарга асан, МУ-ын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийн хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараалан ялагдал хүлээсэн учир ийнхүү "Онц Их Хурал" зарлажээ.