/2021.09.22/ Суданд төрийн эргэлт хийхийг оролдсон 21 офицер, олон тооны цэргүүдийг баривчилсан тухай тус улсын зэвсэгт хүчний командлал мэдээллээ.
Суданы Сайд нарын танхимын эх сурвалжийн мэдээлснээр, төрийн эргэлт хийх гэж оролдсон бүх цэргийг саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Өмнө нь Аль-Жазира телевизийн суваг Суданы засгийн газрын эх сурвалжид үндэслэн 40 офицерийг саатуулсан тухай мэдээлсэн юм. Тус телевизийн мэдээлсэнээр бослогыг зохион байгуулагчид нь 2019 онд огцорсон экс Ерөнхийлөгч Омар Аль-Баширыг дэмжигчид аж.
Судан улсад эдийн засгийн хямрал, амьжиргааны түвшин буурч байгаатай холбогдуулан 2018 оны 12-р сараас хойш олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Мөн 2019 оны 4-р сард цэргийн эргэлт гарч 30 жил засаг барьсан Аль-Баширыг засгийн эрхээс буулгаж шоронд хорьсон юм.