Согтууруулах ундааны борлуулалтын орлогоос эрүүл мэндийн боловсролд зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундааны борлуулалтын орлогоос эрүүл мэндийн боловсролд зарцуулна

/2023.04.28/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганаар:

  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам”,
  • “Эрүүл хүүхэд, залуус ба эрүүл мэндийн боловсрол”,
  • “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”,
  • “Эрүүл зөв хооллолт”,
  • “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”,
  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн-Судалгаанд суурилсан нийгмийн эрүүл мэндийн интервенци болох нь”,
  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт” зэрэг сэдвээр илтгэл сонсож байна.

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ БОРЛУУЛАЛТААС ТОДОРХОЙ ХУВИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД ЗАРЦУУЛНА

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Энэ хүрээнд 2022 оны долоодугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталсан бөгөөд энэ дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс согтууруулах ундааны хатуулгаас хамааран Онцгой албан татвар хоёр дахин нэмэгдэж, литр тутмын борлуулалтаас тодорхой хувийг Эрүүл мэндийн боловсрол олгох, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, бие даасан сан байгуулахад зарцуулж эхэллээ.

Өндөр хатуулагтай согтууруулах ундааны хэрэглээ жил бүр өсөж, насанд хүрсэн нэг хүн жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Ялангуяа хэтрүүлэн хэрэглэх, донтох нь улам бүр нэмэгдэж байна. Архи, тамхины сөрөг нөлөөнөөс шалтгаалж жилд 9-10 мянга орчим хүн амь насаа алдаж байгаа нь нийт нас баралтын 60 орчим хувийг эзэлдэг юм.

НАСАНД ХҮРЭГСДИЙН 95 ГАРУЙ ХУВЬ НЬ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

Судалгаанаас үзвэл насанд хүрсэн иргэдийн 95 гаруй хувь нь ямар нэг байдлаар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Зохисгүй хооллолт, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, дасгал, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт, даралт ихсэлт нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн гэж үздэг. Эрүүл мэндийн салбарт 5,000 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 58 мянган хүн, 1,000 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна.

ПРЕЗИДЕНТ” СПОРТ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын биеийн тамираар хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран “Президент” спорт цогцолбор байгуулж байна. Цогцолбор нь 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 хүүхэд, залууст үйлчлэх хүчин чадалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, бие бялдрын хөгжлийн цогц боловсрол олгодог байх ёстой гэж үзэж байна.

ЗҮРХ, СУДАСНЫ ТӨВ БАЙГУУЛНА

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж буй зүрх, судасны эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх, оновчтой эмчлэх зорилгоор Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна. Дэвшилтэт техник, технологи бүхий энэ төв дотооддоо оношилж, эмчилж чаддаггүй эмгэгүүдийг зөв оношилж, эмчлэхээс гадна эмч нараа Япон Улсад мэргэшүүлж, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр ажиллах юм.

Эх сурвалж: ЭМЯ

Оросын пуужингийн цохилтын улмаас зургаан хүн амь үрэгджээ
Оросын пуужингийн цохилтын улмаас зургаан хүн амь үрэгджээ
 
“Шилдэг ном” шагналаар “Орчлон хэнээр ч дутаагүй” ном шалгарчээ
“Шилдэг ном” шагналаар “Орчлон хэнээр ч дутаагүй” ном шалгарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.