Эмч Х.Марта: Эмэгтэй 55, эрэгтэй 45-аас дээш насныхан зүрхний өвчлөлөөр өвдөх ЭРСДЭЛТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмч Х.Марта: Эмэгтэй 55, эрэгтэй 45-аас дээш насныхан зүрхний өвчлөлөөр өвдөх ЭРСДЭЛТЭЙ

"Фамили медикал" эмнэлгийн Зүрх судасны эмч Х.Мартатай ярилцлаа.

-Зүрхний эмчид үзүүлж байгаа хүмүүс ямар зовуурь, ямар шинж тэмдэгтэйгээр эхэлж ирээд тэр нь ямар байдлаар оношлогдож байна?
-Ихэвчлэн “Цээжээр нь өвдөж байна гэсэн зовиуртай үйлчлүүлэгчид зүрхний эмчид хандаж орж ирдэг. Үзлэг, цусны шинжилгээ, зүрхний бичлэг гэх зэрэг анхан шатны үзлэг хийгдэж зүрхний эмгэг үү, эсвэл өөр төрлийн эмгэг үү гэдгийг ялган оношилдог. Зарим тохиолдолд зүрх дэлсэнэ, аюулхай орчим өвдөнө гэсэн зовиуртай үйлчлүүлэгчид орж ирдэг. Цөөн тохиолдолд хоол боловсруулах замын эмчид үзүүлэхээр ирж үзлэг оношлогооны явцад зүрхний өвчин болох нь тогтоогдсон тохиолдол гарсан.

-Танай эмнэлэгт зүрх судасны өвчтэй иргэд хэр их оношлогдож байна?
-Манай эмнэлгийн хувьд дөрвөн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, амбулаторийн үзлэг, оношилгоо хийнэ. Хоёрдугаарт, хэвтэн эмчлүүлэх. Гуравдугаарт, байгууллагуудын захиалгаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийдэг. Дөрөвдүгээрт, Засгийн Газраас зохион байгуулж буй эрт илрүүлгийг хийж байна.

Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгээр харьцангуй эрүүл бүлгийн хөдөлмөр эрхлэх насны үйлчлүүлэгчид ирдэг, зүрх судасны өвчлөл оношлогдохоос илүү өвдөх эрсдэл тооцогддог, өвчлөл цөөн байна. Харин амбулаторын үзлэг болон улсын эрт илрүүлгийн үзлэг оношлогоогоор зүрхний өвчлөл илүү тохиолдож байна.

-Монголчуудын нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин ордог, үүний шалтгаан нь юундаа байдаг юм бол?
-Зүрх судасны өвчлөл хүндрэх, нас баралт нэмэгдэхэд урдьчилан сэргийлэлт болон хяналт тааруу байна уу гэж бодож байна. Зүрх судасны өвчинөөр өвдөхөд нас, хүйс, удам зүйн хүчин зүйл гэх бидний өөрчилж чадахгүй 3 хүчин зүйл байдаг. 45-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүдийн хувьд зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгддэг ч хувь хүн өөрөөс шалтгаалах эрдсэлт хүчин зүйлсийг бууруулж байх нь чухал.

Биеийн жингийн илүүдэл, хэвлийн таргалалт, буруу хооллолт, стресс, тамхи зэрэг нь өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн артерийн даралтын өвчний хяналт, цусан дахь өөх тосны хяналт, чихрийн шижин өвчний хяналт тааруу байх зэрэг нь зүрхний өвчлөл хүндрэхэд хүргэдэг.

-Хэвлийн таргалалт ямар хэмжээнд байвал эрсдэлтэй гэж үзэх вэ?
-Эмэгтэйчүүдийн бүсэлхийн тойрог 80 см ба түүнээс дээш, эрэгтэйчүүдийн бүсэлхийн тойрог 90 см ба түүнээс дээш бол хэвлийн таргалалттай гэж үздэг. Хурдан шимэгддэг нүүрс ус буюу Монголчуудын хамгийн ихээр хэрэглэж буй гурил, төмс, будаа, сахарын агууламж өндөр ундаа, жүүсний хэрэглээг багасгаж, дасгал хөдөлгөөн хийх нь бүсэлхийн тойргийг багасгах хамгийн үр дүнтэй арга байдаг.

-35, 36-тай залууст гэнэтийн үхэл их тохиолдож байна гэж ярих болсон. Энэ юутай холбоотой байж болох вэ?
-Залуу насанд зүрх гэнэт зогсох нь зүрхний төрөлхийн хэм алдалтуудтай холбоотой байж болно. Мөн зүрхний цочмог шигдээс тохиолддог. Зүрхний цочмог шигдээсийн хувьд удамшлын хүчин зүйлээс гадна стресс, таргалалт, архи, тамхи нөлөөлдөг. Залуучуудын дунд холестерин өндөр хүмүүс байдаг, тусгай асуумж болон цусанд өөх тосны үзүүлэлт үзэж илрүүлдэг.

-Тэгэхээр 50-иас дээш насныхан бол зүрхээ хайрлах хэрэгтэй байх нь тийм үү?
-Нас, хүйс, удамшил зэрэг нь өвчин үүсэх шалтгаан болохгүй. Эдгээр 3 хүчин зүйл эрсдэл нэмэгдүүлнэ. Тиймээс хувь хүний амьдралын хэв маяг чухал нөлөөтэй. Өмнө хэлсэнчлэн буруу хооллолт, биеийн жингийн илүүдэл, тамхи, стресс, архинаас үүдэлтэй эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулах нь чухал байна.

Мөн зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эмнэлзүйн удирдамжийн дагуу 35-аас дээш насны эрэгтэйчүүд, 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд цусанд өөх тосны үзүүлэлт үзэх, эмчийн зөвөлгөө авахыг заасан байдаг тул эмчид үзүүлж зөвлөгөө авч хянуулж байх нь зүйтэй.

-50 гарсан хүн гэнэт өдөр болгон дасгал хийгээд л эхэлбэл зүгээр үү?
-Долоо хоногийн 5 өдөр өдөрт 30 минутаас дээш өөрт тохирсон дасгал хийгээрэй гэж зөвлөдөг. Харин зүрх судасны хүнд эмгэг оношлогдсон хүнд сэргээн засах эмчийн тусламжтай тухайн хүнд тохирсон дасгал зөвлөдөг.

-Удамшлыг яах ч аргагүй гэж байна. Жишээлбэл, аав нь зүрхний шигдээсээр өнгөрсөн хүнд хэдэн хувийн эрсдэл байх вэ?
-Удамшил буюу гэр бүлийн хүчин зүйл өвчин үүсэх шалтгаан болж чадахгүй. Энэ нь эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ нь удамшлын гиперхолестринеми гэж байна. Гэр бүлээрээ холестерин өндөр байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоор илэрсэн тохиодолд эмчийн хяналтанд орж холестерин бууруулах эм уудаг.

-Төрөлхийн зүрхний цооролтой, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд том болсон хойноо зүрхний өвчний эрсдэл байсаар байх уу?
-Зүрхний төрөлхийн ямар гажиг байсан, дан байсан уу, хавсарсан гажиг уу гэдэг нь хамааралтай. Мөн эрт үедээ оношлогдож зүрхний бүтэц үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэхээс хамаарна. Хэрвээ дан гажиг, зүрхний бүтэц, үйл ажиллагаа алдагдаагүй үедээ мэс засал эмчилгээ хийлгэсэн бол аюулгүйд тооцдог.

-Эрчүүд “Оройдоо 50 грамм уучих их зүгээр” гэж ярьдаг. Архи зүрхэнд ямар байдлаар нөлөөлөх вэ?
-Архи зүрхэнд сайн биш. Уусны дараа эхлээд судас тэлнэ. Дараа нь судас нарийсна. Судас гэнэтийн агшилтанд оруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр сайн биш.

-Элэгний өвчтэй хүн бол улаан хоолой, ходоод, цөс, нойр булчирхайгаа давхар хянах ёстой гээд байдаг. Зүрхийг бас ингэж бусад эрхтэнүүдтэй давхар хянаж байх ёстой байдаг уу?
-Байлгүй яахав. Зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар бусад эрхтэн системд ч гэсэн өөрчлөлт гарна. Эсвэл өөр эрхтэн системийн эмгэг зүрхэнд нөлөөлнө. Хоорондоо холбоотой. Уушиг, элэг, бөөр болон холбогч эдийн эмгэгийн үед зүрхний бүтэц өөрчлөлт орсон байна. Мөн бамбайн өвчлөл, чихрийн шижин зүрхний өвчлөлд нөлөөлнө.

-Зүрхний өвчнийг яаж оношлуулах вэ?
-Эхний ээлжинд зүрхний эмчид үзүүлнэ. Эмч нь зовуурь, шинж тэмдэг, өвчний түүх болон бодит үзлэг дээр тулгуурлан шинжилгээ төлөвлөнө. Шинжилгээний хариунд үндэслэн цаашдын эмчилгээ, зөвлөгөө өгдөг. Зарим тохиолдолд гарсан хариунаас шалтгаалан онош тогтооход нэмж тодруулах зүйлс гарч болдог.

-Танай эмнэлэг дээр зүрхний оношлогоог хийх боломж нь хэр байдаг вэ?
-Зүрхний эмгэг илрүүлэх лабораторийн шинжилгээнүүд, зүрхний бичлэг, зүрхний эхо шинжилгээ хийгдэж байна. Тухайн хүн цаашдаа лавлагаа шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай эсэхийг тодорхойлно.

Өнгөрсөн хугацаанд манай эмнэлэг дээр нэлээд олон зүрхний шигдээс оношлогдсон. Ялангуяа эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж буй иргэдийн дунд шигдээс цөөнгүй илэрч байна.

-Ингэж ярьдаг шүү дээ. 40+ хүмүүс өдөрт нэг аспирин-100 уучихвал зүгээр байдаг гээд. Энэ зөв үү?
-
Зүрхний шигдээс, тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр бага тунгаар аспирин эмчилгээг зөвлөж болно. 40-60 насны зүрх судасны эмгэг үүсэх эрсдэл нэмэгдсэн иргэд, титэм судасны эмгэг оношлогдсон, судсанд стент тавигдсан, даралт ихсэх өвчтэй, чихрийн шижин өвчтөөр өвдөж буй, тамхи татдаг зэрэг эрсдэл нь нэмэгдсэн хүмүүс өдөр бүр бага тунгаар аспирин ууж болно. Хэрэв тухайн үйлчлүүлэгч зүрх судасны эрсдэлийн оноо тооцоход бага эрсдэлтэй бол аспирин уухгүй, дээр хэлсэн амьдралын эрүүл хэв маяг баримталж байх зөвлөмж өгнө, энэ нь зүрх судасны анхдагч урьдчилан сэргийлэлт болдог.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Уншигч та бүхэн Фамили медикал эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл 7010-9001 дугаарт хандана уу. Харин тус эмнэлэгийн фэйсбүүк пэйжид зочлохыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Фамили медикал эмнэлэгийн Чанарын албаны дарга М.Удвалын "М.Удвал: Эрт илрүүлгээр жил хүрэхгүй хугацаанд 156 ХҮН ХАВДАРТАЙ гэж оношлогдлоо" ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

“Соёлын сэргэлт 2023” аян зохион байгуулагдана
“Соёлын сэргэлт 2023” аян зохион байгуулагдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.