Ч.Раднаабазар: Налайх дүүргийн хөгжилд ОНХС хувь нэмрээ оруулдаг ч, анхаарах зүйлс бас бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Раднаабазар: Налайх дүүргийн хөгжилд ОНХС хувь нэмрээ оруулдаг ч, анхаарах зүйлс бас бий

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар

Орон нутгийн хөгжлийн санд иргэдээс санал авах хугацаа нийслэлд дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн. Энэ үйл ажиллагаа зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Бид Налайх дүүргийн хувьд орон нутгийн хөгжлийн сан хэрхэн ажилладаг талаар тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай цөөн хором ярилцлаа.

-Энэ жил танай дүүрэгт хийх үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Энэ жилийг манай дүүрэг Иргэдийн оролцоотой соёлын жил болгож байна. Иргэдийнхээ оролцоог бий болгох, аль болох иргэдийн оролцоон дээр түшиглэсэн хөрөнгө оруулалтуудаа илүү бодитой болгох зорилгоор иргэдийн бүлгүүдэд чиглэн ажиллаж байна. Хороо бүрт иргэдийн өөрсдөө санаачилгаараа хүүхдийн тоглоомын талбай, зам харгуйгаа янзлах саналыг гаргаж, санаачлагаараа оролцог. Тэгвэл дүүргийн удирдлага тэр ажлыг нь дэмжье. Ингэвэл иргэн хүн өөрөө гар бие оролцон хийсэн ажилдаа гамтай байх, арчлах тал дээр илүү оролцоогоо бий болгон бусдадаа ч шаардлага тавина гэж үзэж байгаа.

-Мэдээлэл ил тод байх шаардлагыг хэрхэн хангаж байгаа вэ?
-Бид нийслэлтэй хамтран аппликейшнүүд хийсэн. Жишээлбэл, төсвийн хөрөнгө оруулалтын аппликейшнийг утсандаа суулгаад, баркодыг нь уншуулангуут Налайх дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаар ямар ажил хийгдэж байна гэдэг нь үнэ тарифтайгаа гараад ирнэ. Ингэснээр иргэд хяналтаа тавих боломж бас бүрдэж байгаа юм. Нэг талаас иргэдийн оролцоо нэмэгдүүлнэ, нөгөө талаас иргэдийн хариуцлагыг өндөржүүлнэ. Ил тод нээлттэй мэдээлэл өгөхийн тулд тулд яг орон нутгийн хөрөнгөөр хэдэн төгрөгийг, ямар ажил бүтээн байгуулалт хийхээр төсөвлөсөн бэ гэдэг мэдээллийг хороо тус бүрээр гаргасан.

-ОНХС-ийн төсөвтэй холбоотой гардаг бэрхшээл бий юу?
-Төсөвтэй холбоотой олон бэрхшээл бий л дээ. Жишээлбэл, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр гүйцэтгэж байгаа ажлыг “Заавал зураг төсөлтэй хийнэ” гэсэн шаардлага байдаг. Яг хөрсөн дээрээ буугаад ирэхэд ОНХС-ийн хөрөнгийн хэмжээ нь бага учир ихэнх төсөв нь зураг төсөлдөө тусгагдаад, хийж байгаа гүйцэтгэл дээрээ бага хувь нь ноогддог. 10 сая төгрөгийн төсөвтэй ажил байлаа гэж бодоход зураг төслийнхөө ажилд 2 сая, татвар бусад зардал гэж хасагдсаар яг ажилдаа 4-5 сая төгрөгийн л хөрөнгө оруулалтыг хийж байна. Компаниуд мэдээж ашиг харж үйл ажиллагаа явуулна, гэтэл ОНХС-аар хийж байгаа ажлууд үнэндээ ашиггүй болох магадлалтай учир тэд оролцох сонирхолгүй байдаг. Зарим тендэр гурван удаа зарлагдсан ч ямар ч компани санал өгөөгүй байх нь ч бий. Тэгэхээр бид жишээ нь, дүүргийнхээ тохижилт үйлчилгээний хэлтсээр зарим шаардлагатай ажлыг хийлгэчихдэг. Энэ тохиолдолд ажлын хөлс авахгүй зэрэг талуудтай.

-Та түрүүн “Иргэдийн бүлэг” байгуулна гэж ярьсан. Тэр иргэдийн бүлэгтэй компани маягаар хамтран ажиллах хуулийн зохицуулалт бас байхгүй юу?
-Тийм хууль эрхзүйн боломж байхгүй. Уг нь, бид худалдан авах ажиллагаа зохион байгуулж, бараа материалаа худалдаж аваад тэгээд иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагаа явуулж болох юм. Хороонд ажилгүй эсвэл ажил горилж саналаа өгсөн залуус, ахмадуудыг бүлэг болгоод дотроо зохион байгуулалтад оруулаад бас явж байна. Гэхдээ энэ нь хуульд нийцээгүй учраас хүндрэлтэй.

-Энэ жилийн хувьд танайд хэчнээн төгрөг төсөвлөгдсөн байна. Энэ жилийн үйл ажиллагааг хийхэд өнгөрөгч жил иргэд саналаа өгсөн гэсэн үг шүү дээ. Танай дүүрэг 40 мянган иргэнтэй гэж үзэх юм бол насанд хүрсэн иргэнийх нь хичнээн хувь нь орон нутгийн хөгжлийн санд саналаа өгсөн бэ?
-Ер нь манай иргэд их идэвхитэй оролцдог. Засаг даргын хувьд улирал тутамд хороодууддаа очиж ажилладаг “Засаг даргын явуулын өрөө”-г зохион байгуулдаг. Хороо бүрт очиж иргэдийнхээ саналыг амаар болон, бичгээр авдаг. Дүүргийн удирдлагуудын өнөөдрийн үйл ажиллагаа хэр байна, зохион байгуулалт ямар байна, байгууллагуудын уялдаа холбоо, иргэндээ очиж хүрч чадаж байгаа эсэх гээд иргэдтэйгээ уулзаж, саналыг нь сонсдог. Өнгөрсөн жилээс мөн “Дижитал Налайх” гэж аппликейшн суулгаад хороодуудаараа явж танилцуулсны дараагаас иргэд маань илүү их санал өгдөг болсон.

-Иргэд ямар саналыг голчлон өгдөг вэ?
-Манай иргэдийн хувьд ОНХС-д 75-85 хувийн ирцтэй оролцдог. Эндээс хамгийн их санал авсан нь камержуулалт, гэрэлтүүлэг. Манай дүүргийн хувьд бараг 100% гэрэлтүүлэгтэй болсон. Иргэд яг өөрийнхөө байгаа орчноо сайжруулах саналуудыг өгдөг. Гэтэл тэр нь ОНХС-ийн “Хамгийн олон санал авсан” гэх шаардлагыг хангадаггүй. Жишээ нь, нэг гудамныхан ойрмогхон нэг худагтай болмоор байна гэдэг санал өгөхөд орон сууцныхан шал өөр санал өгнө. Энэ мэт байдлаас болж цөөхөн хүний саналтай ч, чухал ач холбогдолтой ажлуудыг санаачилсан иргэдийн маань саналууд орхигддог. Бидний хувьд иргэдийнхээ саналыг мэдэж буй учир эрэмбэнд дээгүүр байр эзлээгүй саналуудыг оруулчихвал аудитын газраас зөрчил үүсгэнэ. Тэгэхээр иргэдээс санал авахдаа “Хамгийн олон санал авсан байх” гэдэг шаардлага бодит байдал дээр зөрчилдөөд байдаг. Иргэдээс нэгэнт санал авсан бол иргэдийн саналын дагуу ажлаа хийдэг баймаар байна. Тэгээд бас төсөв хөрөнгөндөө тааруулаад хийх гэхээр тэр саналууд нь төсөв хүрэх боломжгүй болдог. Манай дүүрэг Ахмадын өргөө-г дөрвөн хороонд байгуулсан бөгөөд орон нутгийн хөгжлийн сангаасаа засварласан. Ахмад настнуудаа хүндлэх, ахмад настнуудынхаа дуу хоолойг илүү хүргэхийн тулд энэ өргөөг бий болгосон. Гэхдээ өдрөөс өдөрт хүн амын нягтаршил ихсэж байна. Хүн ам нэмэгдэх тусам дараагийнх нь ажлууд нь орж ирдэг. Өнөөдрийн ажил дуусч байхад дараагийн ажлын эх үүсвэр дахиад л гарч ирж байдаг.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн бодитой ажлуудаас дурьдаач гэвэл?
-Камержуулалт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, гэр хорооллын дундах худгууд байна. Өмнө нь худгуудын ус хадгалах сав төмөр байсан бол орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгөөр бүх 38 худгийг полимерин савтай болгосон. Төмөр байхад зэвэрдэг байсан бол одоо иргэд зэвтэй ус уух асуудалгүй болсон. Мөн худгуудыг ухаалаг болгосон. Өглөө очсон, шөнө очсон ямар ч цаг хугацаанд очсон картаа уншуулаад л шууд усаа авах боломжтой. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн санд шаардлагатай мөнгийг нь төсөвлөөд өгөх юм бол яг хөрсөн дээрээ илүү чанартай буух ийм боломж бүрддэгээрээ онцлогтой.

-Ярилцсанд баярлалаа.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар худалдана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар худалдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.