МИНИЙ ТУРШЛАГА№21: Байгууллагын гадаа халтирч унаад хохирлоо төлүүлсэн нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА№21: Байгууллагын гадаа халтирч унаад хохирлоо төлүүлсэн нь

/2023.4.21/ Тэр нэг өдөр гадаа хүйтэн байсан тул бушуухан шөлний газар орж, халуун шөл уухаар явж байлаа. Гэтэл тухайн байгууллагын яг үүдэн хэсгийнх нь газар мөстсөн байсныг анзааралгүй халтирч унав. Унахдаа ар дагзаараа савж, хэсэгтээ л харанхуй татан хэвтсэн юм.

Хожим нь тухайн байгууллагын хяналтын камерт үлдсэн бичлэгийг хартал 20 гаруй секунд хэвтсэн байдаг. Азаар тэндээс гарч явсан сайхан сэтгэлт залуу түшин босгосноор, хоёр давхрын ресторанд очсон ч шөл идэж чадсангүй. Хэдийгээр зүгээр мэт босоод явсан ч дотор муухай оргиж, нүд харанхуйлан юун шөл идэх манатай болсон юм. Ингээд тэндээсээ Гэмтэл судлалын эмнэлэгт очиж, эмчийн зөвлөснөөр компьютер томографт харуулав. Хариуг нь аваад очтол “Элдэв цууралт, ясны гэмтэл алга байна” гэсэн юм.

Гэсэн хэдий ч хэд хоногтоо толгой өвдөөд байсан тул дахиад хувийн эмнэлэгийн мэдрэлийн эмчид үзүүлтэл “Тархи хавантай байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай” гээд дусал тариа болон эмийн эмчилгээ бичиж, тэдгээрийг хэрэглэснээр толгойны өвчин илааршиж эхэлсэн.

Тэгэхээр унаж, бэртсэн хүмүүст анхааруулахад Гэмтэл согог судлалын төвд үзүүлснийхээ дараа мэдрэлийн эмчид үзүүлэх нь зүйтэй юм байна лээ шүү.

Ингээд тав хоног эмчилгээ хийлгэж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, ажилдаа ч явж чадахгүй хэвтэв. Энэ бүхний өртөг нь 933 мянган төгрөг болсон юм.

Аливаа байгууллагын ойролцоо 50 метр орчимд халтирч унасан, эсвэл аюулгүй байдал хангаагүйгээс тээгэлдэж унах зэрэгт учирсан хохирлыг тухайн байгууллага хариуцах учиртай. Тухайлбал хуулиудад:

Эрүүл ахуйн тухай хууль:
4.4.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх;

13.1.6. Энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах;

Иргэний хууль:
497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

Тиймээс тухайн байгууллагат эмчилгээ, оношилгоо хийлгэх үедээ цуглуулсан төлбөрийн бүх баримт (баримтуудаа хаяхгүй байхад онцгой анхаарна), эмчийн үзлэгийн бичлэг, нийгмийн даатгал төлдөг бол ажиллаж чадаагүй хоногийнхоо хөлсийг нэхэмжлэх гээд шаардлагатай бүх баримтыг цуглуулан өгөв. Эдгээрийг “Хохирол барагдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийн хамт өгсөн юм. Зөвхөн шинжилгээ гэхэд л компьютер томографи, MRI шинжилгээ гэхэд л нийлээд 490 мянган төгрөг болж байв.

Тухайн байгууллага иргэн миний хүсэлт, баримтуудыг хүлээн авч, ажлын гурав хоногт багтаан 933 мянган төгрөгийн хохирлыг барагдуулсан болно.

Тиймээс иргэн та ч асуудал үүсвэл тэр даруйд хохирлоо барагдуулахын төлөө шаргуу хөөцөлдөөрэй гэж захья.

МИНИЙ ТУРШЛАГА

Аялагч Ж.Золбаярыг 1 сарын хугацаатай цагдан хорьжээ
Аялагч Ж.Золбаярыг 1 сарын хугацаатай цагдан хорьжээ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.