2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Жо Байден ялсны дараа тус улсын хэвлэл мэдээллийн нөлөө бүхий байгууллага болох FOX News нь өөрийн телевизийн сувгаар удаа дараа сонгуулийн дүн хуурамч гэх мэдээлэл цацаж, сошиал орчинд ч ийм агуулгатай жиргээ, нийтлэлүүдийг оруулж байв.
Дээрх мэдээллүүдийг эсэргүүцэн, Dominion Voting Systems шүүхэд хандаж, компанийн нэр хүндэд ноцтойгоор халдсан, худал мэдээлэл тараасан гэсэн зарга үүсгэж, улмаар шүүх хурал нь энэ долоо хоногийн мягмар гарагт АНУ-ын Делавэр мужийн дээд шүүх дээр эхэлсэн билээ.
Шүүх бүрэлдэхүүн буюу тангарагтны шүүхийн 12 гишүүн болон хурлын бусад оролцогчид суудлаа бүрэн эзэлж, шүүх хурлыг эхлүүлсэн ч удалгүй талуудын хуульчид завсарлагаа авч, 3 цаг шахам хугацаанд зөвлөлджээ.
Эцэст нь энэ хэргийг талуудын тохиролцоогоор хаах хүсэлтэй байгаа учир шүүх хурлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэснийг шүүгч ёсоор болгожээ.
Үүний дараа Dominion-ы хуульч Жастин Нельсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ “Dominion Voting Systems компанид Fox News Network компани 787.5 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх болзолтойгоор бид энэ хэргийг тохиролцоогоор дуусгалаа” гэж мэдэгдэв.
Асуудал ингэж шийдэгдсэнээр манай нийгэмд үнэн ялж, худал мэдээлэл тараагч нь хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг харуулсан, гүтгэлэгт өртсөн хэн бүхэн нэрээ цэвэрлэх боломжтой гэдгийг харуулсан үйл явдал боллоо гэжээ.
Харин “хэргийн эзэн” Fox News худал мэдээлэл тарааж, Dominion компанийн нэр хүндэд халдсанаа тохиролцоогоор хүлээн зөвшөөрсөн ч дэлгэцээр дамжуулан албан ёсны уучлал гуйхгүй байх заалтыг тохиролцооны гэрээнд оруулсан байна.
Тэд 787.5 сая ам.долларын төлбөр өгч, хэргийг хаасныхаа дараа гаргасан мэдэгдэлдээ “Dominion компанийн талаар цацсан манай зарим мэдээллийг шүүх ор үндэсгүй худал зүйл гэж үзсэнтэй бид санал нэгдэж байна. Бид өнөөдөр тохиролцоонд хүрсэнээрээ сэтгүүлзүйн салбарын өндөр стандартыг сахигч байгууллага гэдгээ нотолж байна. Олон нийтийг талцуулж, олон хүний цаг завыг үрсэн шүүхийн процессыг товчилж, асуудалд цэг тавьж чадаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна” хэмээжээ.
Шүүх бүрэлдэхүүн асуудалд шударга хандах ёстой учраас Fox News-ийн зүгээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг ч шинжилж үзсэн бөгөөд худал мэдээлэл тараасан гэдгийг үгүйсгэх үндэслэл олж харсангүй. Dominion компани болон санал тоологч машины талаар нийтэлсэн тодорхой мэдээ, нэвтрүүлэг, сошиал нийтлэлүүдэд Dominion Voting Systems гомдол гаргасан бөгөөд дээрх мэдээллүүдийг үнэн зөв, баримттай гэдгийг Fox News нотолж чадаагүй гэдэг нь ТОВ ТОДОРХОЙ байна.
Иймд урьдчилсан хэлэлцүүлгийн дүгнэлт Dominion Voting Systems компанийн талд гарах нь тодорхой байна“ гэжээ. Мөн шүүгч Дэвис өөрийн бичгээр гаргасан шийдвэртээ зориуд шүүхийн дүгнэлт хэсгийг italic хэлбэрээр, ТОВ ТОДОРХОЙ гэдэг үгийг том үсгээр, Bold буюу тодруулсан хэлбэрээр бичихийг үүрэгджээ.
Товчхондоо урьдчилсан хэлэлцүүлгийн энэ шийдвэр гарснаар Fox News тохиролцооны нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч, анх нэхэмжилсэн 1.6 тэрбум ам.долларын хагасыг төлөөд, шүүхээс хэргийг татахад хүргэсэн болов уу гэж таамаглаж байна.
Dominion Voting Systems нь Fox News-с гадна Newsmax болон One America News Network мэдээллийн агентлагуудыг ч мөн шүүхэд өгөөд байгаа билээ.
Newsmax компани нь энэ талаар мэдэгдэл гаргахдаа “Dominion болон манай компани хооронд үүссэн маргаан нь Fox News-ийн асуудлаас өөр агуулгатай тул тэдний хийсэн тохиролцоо нь манай компанийн эсрэг үүсгэсэн маргаан хэрхэн шийдвэрлэгдэхэд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Бид 2020 оны сонгуулийн талаар нийтэлсэн, цацсан мэдээлэлдээ бат зогсож, Dominion Voting Systems-ийн нэхэмжлэлийг үгүйсгэсэн хэвээр байх болно” гэжээ.
Эх сурвалж: CNN