/2023.04.18/: АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийг багш нарын эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл үүнийг хэрхэн зохион байгуулах, байнгын ажиллагаатай болгох талаарх шийдлүүдийг өнөөдөр гаргаж наймдугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Үүнд шаардагдах санхүүжилтийг ч өнөөдрийн уулзалтын үеэр шийдвэрлэлээ.
Монгол Японы эмнэлэгт “Багшийн эрүүл мэндийг дэмжих төв” байгуулагдана. Уг төвөөр дамжуулан шаардлагатай багш ажилчдад гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Багш сум, хороо болон аймаг дүүргийн эмнэлгээр оношлогдож гуравдугаар шатлалын буюу нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болбол дэмжих төвд тухайн боловсролын байгууллагынхаа эмчээр дамжуулан хандах юм.
Сургуууль, цэцэрлэгийн эмч EMCH аппликейшн ашиглан багшийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг дэмжих төвд ирүүлнэ. Дэмжих төв мэдээллийг бүртгэж, эмнэлэгт үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэх өдөр, цагийг товлон, бэлтгэл хангуулах юм. Ингээд товлосон хугацаанд Монгол Японы эмнэлэгт ирж лавлагаа шатлалын үйлчилгээг авна. Зарим тохиолдолд тус дэмжих төв бусад гуравдугаар шатлалын эмнэлгүүд рүү холбон зуучлах үүргийг давхар гүйцэтгэх юм.
Мөн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн бас нэг чиг үүрэг нь боловсролын байгууллагын эмч нарын сүлжээ үүсгэж ажиллах юм. Тус сүлжээгээр дамжуулан боловсролын салбарт ажиллаж байгаа эмч нарыг чадавхжуулна. Мөн шаардлагатай тохиолдолд зайнаас онош тодруулах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг ч хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвөөр дамжуулан салбарын хэмжээнд эрт илрүүлэг, оношилгоог зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүдийг оношлох, эмчлэх чиглэлээр ч ажиллахаар төлөвлөж байна. Дэмжих төвийн үйл ажиллагаа ирэх хичээлийн шинэ жилийн өмнө буюу наймдугаар сарын 1-нээс эхэлнэ.
Эх сурвалж: БШУЯ