Хүний эрхийн Үндэсний комиссоос гишүүн Г.Нарантуяа болон шалгалтын баг 29-р сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хүүхдийн эрхийг зөрчиж байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ талаар тус сургуулийн захирал С.Батмягмартай ярилцлаа. Тэрбээр энэ жилийн нэгдүгээр сард сургуулийнхаа захирлаар томилогдсон юм. Өмнө нь 29-р сургуульд бага ангийн багшийн албыг хашиж байсан.
-Хүүхдүүд багш нараа дохионы хэлээр хичээл заадаггүй, дохионы хэлний чадвар муу гэж байна. Танай багш нарын хэдэн хувь нь дохионы хэл мэддэггүй вэ?
-Дохионы хэлний чадвар гэдэг нь харилцан адилгүй ойлголт. Манай бүх багш дохионы хэлээр явуулж байгаа. Харин мэргэжлийн түвшинд дохионы хэлний чадвар ямар байна вэ гэвэл өөр асуудал. Таван жилд зургаан захирал солигдсон байна. Боловсролын байгууллага шилжилт хөдөлгөөн байнга хийгддэг. Нэг хичээлийн жилд 5-6 багш шинээр манай сургуульд ажилд ордог. Мөн улсын хэмжээнд дохионы хэлний багш нар дутагдалтай. Зөвхөн тусгай сургуулиудад ч биш ерөнхий боловсролын сургуулиудад ч багшлах боловсон хүчин цөөн байна. Улсын хэмжээнд бэлтгэгдсэн дохионы хэлний багш хангалттай биш учир манай сургуульд ирж байгаа багш нар дохионы хэлний чадвар хангалттай биш. Гэхдээ мэргэжлийн хичээлийг нь тасалдуулахгүйн тулд шинэ залуу боловсон хүчнийг сурган ажилд авч, нөхцөл бололцоондоо тулгуурлан дохионы хэлний чадварыг үе шаттай дотоод сургалтаараа сайжруулан ажиллаж байна.
-Нийт ажилтнуудын хэд нь дотуур байранд ажилладаг вэ?
-Манайх 140 багш, ажилтантай. Манай дотуур байранд 88 хүүхэд байдаг. Түүнээс зургаан багш, 16 асрагч, 8 жижүүр дотуур байранд үйл ажиллагаа явуулж байна.
-Хүүхдүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хурааж авчихаад өгдөггүй гэх гомдлыг сурагчид гаргасан байна. Энэ үнэн үү?
-Дотуур байрны журамд заасны дагуу ариун цэврийн хэрэглэлийг намар хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хурааж аваад, шаардлагатай үеүдэд хэрэглүүлдэг. Дотуур байрны багш, асрагч нар шаардлагатай үед нь өгдөг. Энэ дээр алдаа дутагдал гарсан байна. Дахиад хяналт шалгалтыг бид дотооддоо хийнэ.
-Танай сургуулийн төсөв дутагдалтай байна уу? Яагаад засвар хийгдээгүйн улмаас хүүхдүүд даарч, гадуур хувцастайгаа хичээллэх нөхцөлд хүрсэн бэ?
-Засвар огт хийгдээгүй ч юу байхав. Бусад ерөнхий боловсролын сургуулиуд ч бас адил байх. Өнгөрсөн жил 3,2 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан, төсөв дотор нь маш их задаргаа ордог. Цалин хөлс, 273 хүүхэд өдөр бүр үдийн цайнд хамрагддаг, дотуур байрны хүүхдүүд мөн хоол үйлчилгээ авдаг. Дээрээс нь урсгал засварын зардал гээд 13 сая төгрөгийн төсөв тавигддаг. Манайх сургууль, хоёр дотуур байр гээд гурван объекттой учир энэ мөнгө тийм хангалттай төсөв биш. Гэхдээ жил бүр бид төсвөөсөө урсгал засваруудыг тогтмол хийдэг. Гэхдээ дээврээс ус гоожих болон сантехникийн засварын ажлуудыг хийх боломжгүй л байна. Энэ ажлыг хийх хүсэлтүүдийг өмнөх захирлууд тавьж л байсан юм байна лээ.
-Дотуур байранд охидын усанд ордог өрөөг дотроос нь цоожилсон ч гаднаас нь түлхүүрдээд онгойлгочихож болдог, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хэзээ хичээл завсарлаж байгааг илэрхийлдэг гэрлэн дохио нь ажилладаггүй гэх мэт аар шаархан, сэтгэл байвал мөнгө гэхгүйгээр хийчихэж болох ажлууд санагдлаа. Эдгээрийг та бүхэн мэдэж байсан уу?
-Хяналт шалгалт хийгддэг. Дотуур байрны хүүхдүүдийн 00-ийн суултуурыг хийсэн гэх мэт ажлуудыг хийгээд л байгаа. Дотуур байрны хүүхдүүдийн хувьд мэдээлэгч гэрэл нь ажиллаж байгаа. Сургуулийн мэдээлэгч гэрлийн хувьд ангиудынх нь ажиллахгүй байгаа. Сүүлийн долоо хоног ажиллаад, программын асуудал байгаа юм билээ.
-Дотуур байрны нөхцөл тун хүнд санагдлаа. Хүүхдүүдийг өглөө “Бос чи” гэж хөнжлийг нь хуу татаж, цохиж сэрээдэг л гэнэ, бага ангийн хүүхдүүдийг гадаа гарч тоглохыг хориглодог, хүүхдүүд ээж аавтайгаа утсаар ярьж байхад нь “Одоо болно” гэж хурааж авдаг зэргийг ярьж байсан. Энэ асуудлыг өөрөө мэдэж байсан уу?
-Би өөрөө бага ангийн туслах багш хийж байсан. Манай ангийн хүүхдүүдээс ч дотуур байранд байсан. Гадаа гаргахгүй цагдаад байсан гэдэг нь 100% байгаа гэдэгт итгэхгүй байна. Хүүхдүүд 7.30-д өглөөний цайндаа гардаг. Ийм учир тэр хүүхдүүдийг яаж босгож, цайндаа гаргадгийг нь мэдэхгүй байна. Мэдээж 16 асрагчийн хувьд тийм асуудал байсан болоод л хүүхдүүд тийм гомдол санал гаргасан байх.