“Гэрэл зургийн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулахаар ярилцлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэрэл зургийн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулахаар ярилцлаа

/2023.04.13/: Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурриг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, энэ онд хамтран хэрэгжүүлэх зарим асуудлыг тохиролцов.

Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын 10-нд тохиох “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүний эрхийн кино наадам”-ыг НҮБ-ын Женев дэх Хүний эрхийн зөвлөл болон Хүний эрхийн олон улсын кино фестивалийн Ерөнхий зохион байгуулагч нарын оролцоотойгоор хамтран зохион байгуулахаар тохиролцлоо. Улмаар хүний эрхийн чиглэлээрх сургалт, уралдаан шалгаруулалтыг хийх зэргээр урьдчилан бэлтгэл ажлыг хангахаар ярилцлаа.

Мөн Монгол Улсын Музейн тухай анхдагч хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан үзмэрийн хадгалалт хамгаалалт, дэглэлт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилгоор энэ онд багтан төрийн өмчийн музейн төлөөллийг Европын зарим орнуудад музей хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага солилцох хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр болов.

Мөн түүнчлэн, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон салбарт хамаарч болох гэрэл зургийн салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор анх удаагаа гэрэл зурагчдад зориулсан томоохон орон зайг бий болгож Монгол дахь гэрэл зургийн холбоодыг оролцуулан “Гэрэл зургийн долоо хоног” арга хэмжээг энэ оны наймдугаар сард зохион байгуулахаар ярилцав. Улмаар зарим бүтээлийг орон нутгуудад байх соёл урлагийн газруудад түшиглэн улс даяар сурталчлах ажлыг хийхээр болов.

Энэ сард мөн Швейцар улсын Нион хотод болох “Vision du reel” олон улсын баримтат киноны наадамд Монголын уран бүтээлчид оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд 2023 онд зохион байгуулах “Улаанбаатар кино наадамд” баримтат киноны ангиллыг оруулахад дээрх арга хэмжээ нь бодитой нөлөө үзүүлж, кино салбарын хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж талууд онцлов.

Уулзалтын төгсгөлд талууд 2024 онд тохиох Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх асуудлаар тухайлан ярилцсан бөгөөд Соёлын сайд Ч.Номин тус агентлаг соёлын салбарын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийллээ.

Эх сурвалж: СЯ

Солонгост “mpox” вирусын дотоод дахь тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ
Солонгост “mpox” вирусын дотоод дахь тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.