YouTube ашиглан хэрхэн мөнгө олох вэ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

YouTube ашиглан хэрхэн мөнгө олох вэ?

YouTube Giving Creators More Ways To Make Money

Монгол дахь интернэт хэрэглэгчид нэмэгдэж, өндөр хурдны интернэт үйлчилгээний хүртээмж нэмэгдсэнээр олон төрлийн контентод хандах үүд хаалга нээгдсэний дотор YouTube томоохон байр суурь эзлэх болжээ.

Хэрэглэхэд хялбар, дэлхийн хаана ч маш өргөнөөр ашиглагддаг учир YouTube ашиглан өөрийн бүтээлч контентоо дэлхий нийтэд түгээх, цаашилбал үүнээсээ орлого олох боломж давхар нээгдсэн гэж хэлж болно.

Хэрхэн орлого олох боломжоо нээх вэ?

YouTube Partner Program нэртэй хөтөлбөрт нэгдсэнээр контент бүтээгчид өөрсдийн оруулсан видеон дээрээ зар сурталчилгаа байрлуулж, хандалт үзэлтээс хамаарсан мөнгөн дүнгээр “цалинждаг” ажээ. Гэхдээ энэ хөтөлбөрт нэгдэхийн тулд тухайн хэрэглэгчийн хөтөлдөг суваг нь дор хаяж 1000 дагагчтай, мөн сүүлийн 12 сарын хугацаанд тус сувгийн видеоны үзэлт хамгийн багадаа 4000 цаг байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Мөн нэг чухал шаардлага нь тухайн хэрэглэгчийн амьдарч буй улс орон нь YouTube Partner Program-ийг дэмждэг улс орон байх гэсэн шаардлага бөгөөд Монгол Улс хараахан энэ шаардлагыг хангахгүй байгаа ч одоогийн байдлаар Монголын YouTuber-үүд байршлаа өөрөөр бүртгүүлэн, энэ хөтөлбөрт нэгдсээр байна.

Хэрэглэгчийн YouTube-ээс олох орлогыг тооцохдоо CPM(Cost per Mille) буюу мянган үзэлт тутмын өртөг гэсэн үзүүлэлт ашигладаг ба энэ нь үзэгчдийн газарзүйн байршил, контентын агуулга, зар сурталчилгаа байршуулагч компанийн зорилтот зах зээлийн сегмент зэргээс хамааран, улс орон бүрт харилцан адилгүй байдаг хувьсах үзүүлэлт юм.

How to Make Money On YouTube in 2023 For Beginners

Одоогийн байдлаар энэ үзүүлэлтийг Норвеги, Герман, Молдав улсууд тэргүүлж байгаа бөгөөд Норвеги улсын 1000 үзэгчид зар сурталчилгаагаа YouTube-ээр дамжуулан хүргэхийн тулд компаниудын төлж буй төлбөр нь 43.15 ам.доллар байна гэсэн үг юм. Ихэнхи тохиолдолд хүн ам ихтэй, хөгжингүй орнуудын хувьд энэ үзүүлэлт өндөр байдаг бол буурай хөгжилтэй улс орнуудад эсрэгээрээ энэ үзүүлэлт бага байна. Монгол Улс 2023 оны байдлаар 5.3 ам.долларын CPM үзүүлэлттэй байгаа нь харьцангуй доогуур үзүүлэлт гэсэн үг.

Тухайн видеог зар сурталчилгааны хамт тоглуулж олсон орлогын 45 хувийг YouTube авдаг бол 55 хувь нь контент бүтээгч буюу YouTuber-т оногддог ажээ.

Ямар төрлийн контент хамгийн өндөр хандалт авдаг вэ?

  1. Дуу хөгжим: Дууны клип, лайв тоглолтууд, хит болсон дуунуудыг өөрийнхөөрөө cover-лож дуулсан бичлэг зэрэг нь хамгийн өндөр хандалт авдаг ба энэ төрлийн видеоны үзэлт саяар тоологдож, заримдаа тэрбум хүрэх нь ч бий.
  2. Компьютер тоглоомтой холбоотой контентууд: Тоглолтын бичлэг, хэрхэн амжилттай тоглох зааварчилгаа, сэтгэгдэл болон тоглолтын үеийн лайв бичлэг зэрэг нь маш олон хэрэглэгчийг хамарч чадсан ангилал бөгөөд YouTube дэх хамгийн том сувгуудын тоонд тоглоомын сувгууд томоохон байр суурь эзэлдэг.
  3. Ямар нэг зүйлийг хэрхэн хийх талаар зааварчилгаа болон сургалтын агуулгууд: Гэртээ ямар нэг хоолыг хэрхэн бэлтгэхээс авахуулаад, автомашины эд анги солих зэрэг заавар видеонууд, тэр ч бүү хэл программчлалын сургалт, хичээлүүд ч үүнд багтана.
  4. Комеди болон энтертайнмент: хошин элэглэл, стэнд ап комеди төрлийн болон нэгнээрээ тохуурхсан prank видеонууд олон сая үзэлттэй байдаг.
  5. Влог болон lifestyle бичлэгүүд: өдөр тутмын амьдралаа влог маягаар олон хүргэх, ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх сэтгэгдэл, өөрийн хобби сонирхлоо хуваалцсан бичлэгүүд өндөр хандалт авдаг.
  6. Unboxing буюу шинэ бүтээгдэхүүн задлах, хэрэглэж үзээд сэтгэгдлээ оруулах бичлэг үзэх нь ямарваа нэг худалдан авалт хийх шийдвэр гаргахад хамгийн их нөлөө үзүүлдэг ажээ.
  7. Хүүхдийн контентууд: хүүхдээ бүүвэйлж унтуулахаас эхлүүлээд, зурагтын өмнө суулгаж сатааруулах, танин мэдэхүй, оюуны хөгжлийн, сургалтын агуулгатай бичлэгүүд YouTube хандалтаараа тэргүүлдэг.

Амжилттай YouTuber болохын тулд яах вэ?

Монголын хэрэглэгчдийн хувьд хэлний бэрхшээл, мөн дээр дурдсан CPM үзүүлэлт, хүчтэй өрсөлдөөн, жижиг зах зээл гээд энэ төрлөөр амжилт гаргахад олон саад бэрхшээл тулгардаг билээ. Тиймээс энэ чиглэлээр амжилтанд хүрье гэвэл дараах зүйлсийг сайтар тогтоож, хэрэгжүүлэхийг зөвлөх байна. Үүнд:

  1. Сонирхолтой, мөн чанартай, өгөөжтэй контент бүтээж, өөрийн зорилтот үзэгчдийн хүрээллийг тогтоох
  2. Видеогоо YouTube-д байршуулахдаа SEO (search engine optimization) аргачлалууд, хайлтад түгээмэл илрэх түлхүүр үгс ашиглах, хэрэв өөрөө энэ талаар ойлголтгүй бол мэдлэгтэй хүнээс зөвөлгөө авах
  3. Бусад олон дагагчтай YouTuber-үүд, инфлүүнсэрүүдтэй хамтарсан контент хийх
  4. Сошиал сүлжээ ашиглан хандалтаа ихэсгэх, үзэгчдийнхээ санал сэтгэгдэлийг сонсох, контентуудаа сурталчлах
  5. Шинэлэг, бүтээлч хандлагатай байж цаг үе, орчин, үзэгчдээ сайн мэдэрдэг байх зэрэг нь орлогоо нэмэгдүүлэх зөв алхамууд гэж тооцогддог байна.

How To Make Money On YouTube – Step-By-Step Guide To Success

Хамгийн сүүлд нэмж зөвлөхөд, нэгэнт YouTuber болж, орлого олохоор шийдсэн бол Монголын олон дагагчтай YouTuber-үүдийн зөвөлгөөг сонсож, ичиж нэрэлхэлгүйгээр тэдэнтэй холбогдож, YouTube Partner Program-ийн талаар тайлбарласан видеонуудыг нь анхааралтай үзэхийг зөвлөж байна.

Өнөөдөр орох цаснаас урьтаж бэлтгэл ажлуудыг бүрэн хангажээ
Өнөөдөр орох цаснаас урьтаж бэлтгэл ажлуудыг бүрэн хангажээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.