/2023.4.6/ Хятад хос Тайландад аялж байх үедээ ууланд авирчээ. Гэтэл нөхөр нь 34 метрийн өндөр хаданд гарсныхаа дараа эхнэрээ алахын тулд тэр хаднаас түлхэж унагаасан хэрэг 2019 онд гарч байв.
Тухайн үед гурван сартай жирэмсэн байсан Вон Нуаннаны 17 яс нь хугарч, хэвлий дэх хүүхэд нь энджээ. Улмаар эмнэлэгт хүргэгдэж өнөөдрийг хүртэлх хугацаанд бүсгүй мэс засал хийлгэж 200 гаруй оёдол тавиулж, биедээ 100 гаруй хадаас хадуулжээ.
Харин өнөөдөр бүсгүй хөл дээрээ зогсож, өөрөө явж эхэлсэн талаарх мэдээллийг SCMP сайт нийтэлсэн байна.
Гайхамшгаар амьд гарсан бүсгүйн талаарх мэдээлэл хятадын сошиал сайтуудад дуулиан дэгдээсэн юм. Вон Нуаннан "Тэр надад маш хүнд зовлон бэрхшээл өгсөн ч намайг буулган авч чадаагүй. Харин ч илүү хүчирхэг болгосон" гэжээ.
-Би бууж өглөө гээд миний бие зүгээр болно гэж үү? Миний сэтгэл санаа дээрдэх үү? Үгүй шүү дээ. Харин ч би бууж өгвөл үлдсэн амьдралынхаа турш хэвтэрт байж, тэргэнцэрт суух болно. Тийм учир нулимсаа татаж харин илүү зоригтой, сайн хүн болно гэж зорилго тавиад зүтгэсэн хэмээн 35 настай тэрбээр ярьж байна.
Вон Нуаннан хятад, тайландын хооронд бараа бүтээгдэхүүн борлуулдаг бизнес эмэгтэй байжээ. 2017 онд нөхөртэйгээ танилцаж, хоёр сарын дараа нэг гэрт орсон байна. Нөхөр нь түүнийг алах болсон шалтгаан нь, мөрийтэй тоглоомныхоо өрийг төлж, бүсгүйн нэр дээрх олон сая долларыг өөрийн болгох гэсэн шуналаас үүдэлтэй ажээ.
Хамт амьдрах хугацаандаа нөхөр нь эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд мөрийтэй тоглоом тоглохоор мөнгө нэхэж дарамталдаг байжээ. Нөхөр болох Юү нь 2020 онд бүх насаараа хоригдох ял авсан ч, 10 жил болгон хөнгөрүүлжээ.
Вон Нуаннан:
-Хаднаас түлхэгдэн унаснаас эхлээд өнөөдрийг хүртэлх цаг үе бол миний амьдралын хамгийн хар өдрүүд. Тэр миний ирээдүй, миний бизнес, эрүүл мэнд, амьдрал бүх зүйлийг үгүй хийсэн гэв. Бүсгүй одоо сошиал сайтаар LIVE хийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг ажил хийж байгаа ажээ.
Бүсгүйн амьдрал маш олон хүнд урам зориг, эрч хүч өгөх болжээ.
Эх сурвалж: SCMP