/2023.04.06/: БНСУ-ын Засгийн Газрын тусламжаар “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төсөл 2019 оноос хэрэгжиж байна. Төсөл 6 сая ам. долларын өртөгтэй. Төслийг хэрэгжүүлэгч нь КОЙКА олон улсын байгууллага юм.
Өнөөдөр төслийн албан ёсны нээлт боллоо.
Энэ төслийн хүрээнд ахисан түвшний сургалт, судалгааны хамгийн орчин үеийн 10 лаборатори байгуулагдаж, сургалтын 20 хөтөлбөр шинэчлэгдэн, эрдэм шинжилгээний 22 төсөл хэрэгжинэ.
Төслийн үр дүнд бий болж байгаа материаллаг бааз, хүний нөөц, барилга байгууламж, орчны шинэчлэл нь томоохон их сургуулиудыг судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр болох юм.
Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох мэдээлэл холбооны технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том төрөлжсөн сургуулийн чадавх бэхэжсэнээр энэ салбарын өрсөлдөх чадвар дээшилж, бусад салбарын хөгжлийг хурдасгах учиртай. Улс орны тогтвортой хөгжлийн үндсийг хангахад ч чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: БШУЯ