/2023.04.06/: Цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уушгины ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 62 настай, эрэгтэй Г тээврийн хэрэгслийн тээшинд 2 гар хүлэгдсэн, аманд нь алчуур чихсэн байдалтай амь насаа алдсан байсан. Түүний амь насыг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй Д, 31 настай, эрэгтэй Б болон А нар хамтран хөнөөж, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилсан байна.
Улмаар гэмт этгээдүүдийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч Б-ийн амь насыг нь хөнөөнө хэмээн айлган сүрдүүлж, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагчид үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан байна.
Шалгалтаар амь хохирогч Г хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх 3 этгээд 2023 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж амь насыг нь хохироосон нь тогтоогдсон байна.
Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч Б-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлсэн. Улмаар түүний ар гэрээс 200 мянган төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сум руу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авав.
Эх сурвалж: ЦЕГ