/2023.4.5/ Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьлаа. Хуулийн анхны хэлэлцүүлэг ирэх долоо хоногоос эхлэх болов уу гэж хуулийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Энхболд хэллээ.
Сонирхуулахад, сонгуулиас нэг жилийн өмнө Сонгуулийн хуульд шаардлагатай өөрчлөлтийг оруулсан байх ёстой. Тиймээс энэ зургаадугаар сар гэхэд энэ төсөл батлагдсан байх учиртай.
Хуулийн төслийн онцлох заалтуудаас хүргэе.
ХОЛИМОГ ТОГТОЛЦОО
Өнгөрөгч 2020 оны Улсын Их хурлын сонгуулийг томсгосон тойргоор явуулсан. Энэ систем нь сонгогчдын саналыг ихээхэн гээдэг.
Харин энэ удаад холимог тогтолцоогоор явуулахаар төсөлд тусгажээ. Ингэснээр нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангана гэж үзсэн байна. Ингээд онцлох 3 өөрчлөлт:
- Улсын Их хурлын 38 гишүүнийг сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаар сонгоно. Ингэхээр саналын хуудсанд нам бүрээс 38 хүний нэр жагсаана гэж үзвэл сонгогчийн хувьд ихээхэн хариуцлага шаардана. Сонгогч жагсаалтаас сонгож болно, сонгохгүй байж болох аж. Мөн Улсын Их хурал, Сонгуулийн ерөнхий хорооны хувьд нэг жилийн хугацаанд иргэдэд сонгуулийн хуулийн мэдлэг, мэдээлэл олгох томоохон кампанит ажил хийгдэх шаардлагатай болох нь.
- Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэхийн тулд жагсаалтын нэр дэвшигчдийн нэрсийн 50 хувь нь эмэгтэйчүүд байх бөгөөд, нэрсийн дарааллыг хүйс солбисон байдлаар бичих гэнэ.
- Гадаадад байгаа иргэд санал өгөхөөр тусгасан байна. Ингээд гадаадад албан ёсоор ажиллаж, амьдарч байгаа 200 мянган иргэд саналаа өгөх боломжтой болжээ.
ХЭДЭН ХУВИЙН БОСГООР УИХ-Д
СУУДАЛ АВАХ ВЭ?
Сонгогчдоос хэдэн хувийн санал авсан нам УИХ-д суудалтай байх вэ гэдэг босгын асуудал тусгагдана. Нэг нам нийт сонгогчдын 3 хувийг авбал УИХ-д нэг суудалтай болно гэж төсөлд тусгажээ. Харин хоёр нам эвсээд орохоор бол босго нь 5 хувь, гурав ба түүнээс дээш бол 7 хувь байна гэжээ. Хэлэлцүүлгийн явцад энэ зарчим өөрчлөгдөж болзошгүй.
Энэ талаар "Монгол Улсад тохирох сонгуулийн систем" илтгэлийг бид хүргэж байсан билээ.
Хуулийн төслийг МАН, АН, ХҮН намын төлөөллүүд хамтран боловсруулсан юм. Тиймээс хэлэлцүүлгийн явцад томоохон өөрчлөлт орох санал зөрөлдсөн асуудал гарахгүй болов уу гэсэн таамаглалтай байна.
Улсын Их хурлын гишүүдийн тооны хувьд Сонгуулийн тухай хуулиар зохицуулахгүй. Энэ нь Үндсэн хуульд заагдсан байдаг тул, тоонд өөрчлөлт оруулна гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох юм.