/2023.4.3/ Техник технологийн хөгжил асар хурдацтай явагдахын хэрээр бидний мэдээлэл хайж олох болон өөр хоорондоо харилцах үйл явц хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ түвшинд гараад байна.
Хиймэл оюун ухаанаар "Эрдэм шинжилгээний өгүүлэл бичүүлжээ", "Тэр яг л ухаалаг гар утас, эсвэл фэйсбүүк шиг технологийн өөр нэгэн хувьсгал болох уу", "Оюутнууд ChatGPT ашигласан эсэхийг багш нар яаж мэдэх вэ" гэх зэргээр ChatGPT-ийн талаар шуугиж байна. Гэтэл та энэ талаар сонсоогүй байгаа юм биш биз?
ChatGPT ГЭЖ ЮУ ВЭ?
Хиймэл оюун ухаан буюу AI салбарт бий болсон хамгийн сүүлийн үеийн томоохон дэвшил бол хүн болон компьютерийн харилцааг урьд урьдынхаас хамаагүй илүү хялбар, үр ашигтай болгон өөрчилж буй ChatGPT нэртэй дээд түвшний хэлний модель.
СhatGPT нь Generative Pre-trained Transformer буюу их хэмжээний өгөгдөл дээр сургагдсан, хэл ярианы хөрвүүлэгч-үүсгэгч технологи дээр суурилсан ухаалаг чатбот юм.
Open AI компанийн бүтээл болох ChatGPT нь асуултанд хариулахаас өгсүүлээд, бүтээлч контент үүсгэх хэмжээний ухаалаг программ болжээ.
ChatGPT ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
ChatGPT нь хүний бичсэн текстийг бүрэн ойлгож, компьютерийн хэл рүү хөрвүүлж, боловсруулаад, тухайн асуулт, даалгаварт анх бичсэн хэлээр хариулт өгөх чадвартай machine learning технологийн биелэл билээ.
Интернэт орчин дахь тоо томшгүй их хэмжээний текст өгөгдөл ашиглаж түүнийг “сургасан” тул ChatGPT нь хэлзүйн онцлог, найруулга зүй болон зөв бичгийн дүрэм, аливаа текстийн агууламж зэргийг бүрэн ойлгодог гэж хэлж болно.
Технологийн компаниуд болон инженерүүдийн урьд өмнө хөгжүүлж байсан ELIZA, RNN, LSTM, GPT1,2 зэрэг хэлний моделиуд нь хүний яриа болон бичвэрийг бүрэн ойлгож, түүнд тохирсон оновчтой хариулт өгөх чадвар муу байсан.
Харин ChatGPT нь хүний бичиж өгсөн нарийн төвөгтэй асуултыг хэд хэдэн хялбар асуултууд болгон задалж, тэдгээрийг боловсруулан, нэгтгэж, алдаа мадаггүй хариулдгаараа эрс ялгарна.
2022 оны арваннэгдүгээр сард анх олон нийтэд танилцуулагдсан ChatGPT нь GPT-3.5 модель дээр суурилсан байв. Улмаар Open AI компани сургалтын моделио улам сайжруулан, 2023 оны гуравдугаар сарын 14-нд GPT-4 нэртэй, өмнөх загвараасаа үлэмж хөгжингүй загвараа танилцуулсан билээ.
Хэрэглэгчид GPT-4 модельтой чаатлахын тулд ChatGPT Plus үйлчилгээг сард 20 ам.доллар төлж ашиглах боломжтой. Харин өмнөх GPT-3 дээр суурилсан ChatGPT-г ашиглахад ямар нэг төлбөр төлөх шаардлагагүй болно.
ChatGPT-г ЮУНД АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?
ChatGPT нь олон төрлийн салбарт, төрөл бүрийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой ба эдгээрээс дурдвал:
- Хувийн туслах (Personal Assistan): Хувийн туслах программуудтай ChatGPT-г холбож өгснөөр хэрэглэгчийн асуултуудад хурдан шуурхай, оновчтой хариулт өгөх, өдөр тутмын цагийн хуваарийг зохион байгуулахад тусална.
- Контент бүтээх: ChatGPT нь богино өгүүлэл, блог нийтлэл, сошиал медиа нийтлэл, жиргээ зэргийг бие даан бичих чадвартай тул зохиолч, нийтлэлчид, маркетерууд, контент бүтээгчид өргөнөөр ашиглах боломжтой.
- Боловсрол: Хиймэл оюун ухаан нь сурагч, оюутнуудад хичээлээ бүрэн ойлгох болон гэрийн даалгавраа хийхэд туслах, тухайлсан сэдвийн асуултаар дэлгэрэнгүй хариулт өгөх, нарийн төвөгтэй ухагдахууныг энгийн үгээр тайлбарлах зэрэг чадвартай тул түүнийг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж болно.
- Хэрэглэгчидтэй харилцах үйлчилгээ: Компаниудын чатбот, хэрэглэгчидтэй харилцах чаатанд ChatGPT-г холбосноор компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх хэрэглэгчдийн асуултанд түргэн шуурхай, оновчтой хариулах, санал хүсэлт, гомдлыг бүртгэх, хариу өгөх зорилгоор ашиглаж болдог нь түүний ээлжит нэг давуу тал юм.
Дээр дурдсанаас гадна мөн программчлалын код бичүүлэх, энгийн болон илэн далангүй яриа өрнүүлэх, бичвэр, текстийг хураангуйлах, дүгнэлт хийх, автоматжуулалтанд ашиглах гээд маш олон боломжууд бий гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй.
Гэх мэтчилэн өргөн хүрээнд ChatGPT-г ашиглаж болох ч түүнийг машин сургалтаар бий болгосон хиймэл оюун ухаан гэдгийг мартаж болохгүй.
ChatGPT нь зарим тохиолдолд алдаатай эсвэл ойлгомжгүй хариулт өгөх магадлалтай тул хэрэглэгч ямагт түүний өгсөн хариултыг баталгаатай эх сурвалжаар хянан баталгаажуулахыг зөвлөж байна. ChatGPT-г бүтээгч Open AI компаний зүгээс хиймэл оюун ухаан ашиглан, зүй бус агуулгатай контент үүсгэх, олон нийтэд хор уршигтай байдлаар, гэмт хэргийн зорилгоор ашиглуулахгүй байх олон тооны хязгаарлалтуудыг тогтоож өгсөн ч гэлээ хэрэглэгчид ChatGPT-н үүсгэсэн контентыг ашиглахдаа байнга нягтлах, шалгаж байх нь зүйтэй юм.