/2023.03.30/ Компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг шилжүүлэн авсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр:
-Амраа хочит Амартүвшин урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан 30 орчим этгээдүүдтэй бүлэглэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг шилжүүлэн авсан хэрэг гарсан.
Мөн Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Эрдэнэбулганы бүлгийн 4 этгээд өөрсдийн мэдэлд авах зорилгоор Нөхөрлөлийн дарга ажилтай “М”-ыг айлган сүрдүүлж заналхийлсэн зэрэг гэмт үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэв.