/2023.03.28/: Хамгийн их нягтаршилтай бүс болох Их тойруу, Бага тойрууд иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Одбаяр “Судалгаагаар Их тойруугийн бүсэд нягтаршил, явган зорчилтын эрэлт маш өндөр гарсан. Нэн түрүүнд Бага тойруугийн бүс болон төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хороонд явган зорчилтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд явган замыг өргөсгөх ажлаа эхлүүлсэн.
Мөн зам дагуух, шаардлагагүй авто зогсоолуудыг явган болон дугуйн зам болгон шинэчлэхээр нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж, сайжруулах зорилт тавьсан. Одоогоор 13 байршилд 17353 ам метр явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулаад байна. Ингэхдээ явган хүний замыг 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулсан” гэв.
2023 онд уг ажлаа үргэлжлүүлэн, 20 байршилд явган болон дугуйн зам талбайг засаж сайжруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зогсоолуудыг буулган нэгдүгээр эгнээг чөлөөлөх аж. Ингэснээр явган замаа өргөтгөж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх боломжтой. Мөн 3,4 дүгээр хорооллын Имартаас “Өргөө” кино театр хүртэлх явган замыг шинэчилж, явган зорчиход саад болж буй зогсоолуудыг зөв геометрт оруулахаар төлөвлөсөн байна.
4522 гарааш буулгаж 81396 ам метр талбайг чөлөөллөө
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 187 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4522 гараашийг буулгаж, 81396 ам метр талбайг чөлөөлжээ. Мөн 354 байршилд 17756.1 метр хашаа, хайсыг буулгав.
Чөлөөлсөн талбайд явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.
Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Өнгөрсөн 2022 онд төлөвлөсөн ажлуудыг дүгнэхэд 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорилтот ажлын хүрээнд түгжрэлд нөлөөлөх суурь ажлуудыг хийж дуусгасан. Мөн хатуу бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг хийж байгаа бөгөөд гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх томоохон төслүүдийн бэлтгэл ажлуудыг хийлээ.
Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилттэй Тогтвортой зам тээврийн төслийг УИХ-аар батлуулж, трассын чиглэлүүдийг тодорхойлж дууссан. Харин 2023 онд энэ трассуудад зураг төсөл боловсруулах ажлыг хийнэ. Ингэснээр 2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой болох юм. Дараагийн томоохон төсөл бол Азийн хөгжлийн банктай олон жилийн турш ярилцсан BRT төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх LRT болон шинэ тойрог замын төслүүдийг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд зураг төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүн дээр үндэслэн 2023-2024 онд бусад ажлуудаа үргэлжлүүлнэ. Ингэснээр авто машины дундаж хурд болох 9-13 км цагийн хурдыг 15-18 км цаг хүртэл нэмэх боломжтой” хэмээлээ.