/2023.03.28/: Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх нэг шалтгаан болдог. 2021 онд хийсэн судалгаагаар цэцэрлэг болон бага сургуулийн насны гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бус сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн тоо гарчээ.
Тиймээс хамран сургах тойргийг шинэчилж, хүүхдүүдийг хамран сурах тойрогтоо цэцэрлэг, сургуульд явах боломжийг бүрдүүлж эхэллээ.
Нийслэлийн Боловсролын газрын Бодлого, багшийн хөгжлийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Өмнө нь зөвхөн төрийн өмчит цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоодог байсан бол энэ удаад төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоосон.
Хамран сургах тойргийнхоо дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа тохиолдолд улсаас хувьсах зардлыг нь хоёр дахин нэмж олгож байгаа. Тэгэхээр төрийн бус өмчийн ихэнх цэцэрлэг төлбөргүйгээр, зарим нь маш бага хэмжээний төлбөртэйгөөр хүүхдүүдийг элсүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ харьяаллын бус, хол цэцэрлэг рүү зөөх шаардлагагүй, гэртээ хамгийн ойр цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн үг.
Мөн ачаалал өндөртэй орон сууцны хорооллуудад цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх, худалдан авах, олон албан хаагчтай байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулсан. Энэ бол түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж буй онцлох ажлын нэг юм” хэмээн онцолж байлаа.
Түгжрэлийг бууруулах багц ажлын хүрээнд цэцэрлэгийн зориулалттай 23 барилгыг худалдан авч, 128 барилгыг түрээсэлсэн бол цэцэрлэгийн өргөтгөл, барилга, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 214 төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Ингэснээр 2021-2022 онд 76 хувьтай байсан цэцэрлэгийн хамрагдалт 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдээд байна.
Ирэх онуудад шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: НЗДТГ