/2023.03.27/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай хийлээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах сэдвээр санал солилцож “Шинэ сэргэлт” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрээр Монгол дахь олон улсын байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг, туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулах хууль эрхзүйн орчныг шийдэх боломжтойг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн хэрэгжилт, “Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа” сэдвээр танилцуулга хийлээ. Цаашид гадаад зээл тусламжаар тэргүүн ээлжинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдийг санхүүжүүлэх, хоёрдугаарт, хүнсний хангамж аюулгүй байдлын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэдгийг хэлэв.
Олон улсын байгууллагын төлөөллүүд Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд хэрэгжих нь чухал байгааг, хэрэгжилт хяналтад анхаарах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангах, яамдын уялдаа холбоог сайжруулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зэрэг санал хэлэв.
Эх сурвалж: ЗГ