
/2023.03.17/: Барилга, Хот Байгуулалтын яамны урилгаар ажиллаж буй орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах БНСУ-ын KSP багийн төлөөллийг Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Б.Сүхбаатар нийслэлийн орон сууцны бодлого, тэр дундаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажлын нөхцөл байдлын талаар танилцуулав.
Тэрбээр “...Бид Улаанбаатар хотод хэрэгжих түрээслээд өмчлөх орон сууцны бодлого, журмыг боловсруулан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ төрлийн орон сууцны эрэлт хэрэгцээ нийслэлчүүдийн дунд их байдаг. Бидний хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийн дутагдалтай байгаа учир албан хаагчдын чадавхыг дээшлүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллах хүсэлтэй байна…” гэлээ.