/2023.03.16/ УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байж болзошгүй хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтийн анхаарлыг татсан.
Түүний нөхөр Б.Наранцацралт энэ талаар цахим орчинд нийтэлж түүнийг "Гэр бүлийн хүчирхийлэгч, гэр бүлээс гадуурх харилцаатай" гэсэн байдаг. Үүнээс үүдэн Ч.Ундрам гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэх талаарх асуудал хэсэг яригдаад намжсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр,
-Хуулийн байгууллагаар зарим асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа. Цахим орчноос шалтгаалж хүүхдүүд маань хүнд нөхцөл байдалд орсон. Хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа сэтгэл зүйчид хандаж, үйлчилгээ авсан. Миний хүүхдүүдэд хүчирхийллийн хүнд нөхцөлд байсан шинж тэмдэг байхгүй. Мэргэжлийн хүмүүс сорил авсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шинжээчийн баг манайд ирж ажилласан. Улмаар Б.Наранцацралтыг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэн торгосон байгаа.
УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, ёс зүйн хууль, дүрэм журамтай харшилсан ямар нэгэн үйлдэл огт гаргаагүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй. Өргөсөн тангаргаа биелүүлэхийн тулд ажиллаж ирсэн гэлээ.