/2023.03.15/: Оросын сөнөөгч онгоц өчигдөр АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисгэгчгүй онгоц болох MQ-9 Reaper-ийг зориудаар унагасан гэж АНУ-ын арми мэдэгдлээ.
Мягмар гарагт "Реапер" нисгэгчгүй онгоц болон Оросын хоёр Су-27 онгоц Хар тэнгис дахь олон улсын чөлөөт хэсэг дээгүүр нисч байх үедээ таарчээ. Энэ үед Оросын нисэх онгоцнуудын нэг нь нисгэгчгүй онгоцны урдуур хэд хэдэн удаа зориудаар нисч, дээр нь түлш асгасан гэж АНУ-ын Европын командлалын мэдэгдэлд дурджээ.
Дараа нь оросын онгоц нисгэгчгүй онгоцны сэнсийг мөргөсөн учраас АНУ-ын хүчнийхэн MQ-9 нисгэгчгүй онгоцыг олон улсын усанд буулгахаас өөр аргагүйд хүрчээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч Жеймс Б.Хеккер “Манай MQ-9 онгоц олон улсын агаарын орон зайд ердийн ажиллагаа явуулж байх үед Оросын нисэх онгоц зориудаар мөргөснөөс MQ-9 онгоц сүйрч, алга болсон” гэж мэдэгджээ.
ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антоновыг дээрх үйл явдлаас болж Төрийн департаментад дуудсан бөгөөд тэрээр "Орос улс, АНУ-ын хооронд сөргөлдөөнийг хүсэхгүй байна" гэжээ.
Эх сурвалж: CNN