/2023.03.14/: Манай улс цэвэр усны хомсдолтой улсуудын нэг яах аргагүй мөн.
Дайн дээр дажин гэгчээр цэвэр усыг хайр гамгүй хэрэглэдэг болсон болоогүй уул уурхайн компаниуд хөдөө орон нутагт маш олон байдаг.
Харин нийслэлийн хувьд цэвэр ус нь маш том асуудал болсоор ирсэн ч өнөөдрийн байдлаар УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРТ барьж байгаа ТАВАН БАРИЛГА байгаа талаар Нийслэлийн шуурхай зөвлөгөөн дээр саяхан ярьж байв.
Үүн дээр нэмээд автомашин угаалгын газрууд, үйлдвэрүүд гээд бидний уух ёстой цэвэр усыг ахуйн чиглэлээр урсгаж орхидог усны хэрэглээ өндөр олон салбар байна.
Нийслэлийн хэмжээнд автомашин угаалгын нийт 200 орчим газар бий. Энэхүү 200 орчим угаалгын газрын ердөө 34 нь саарал ус ашигладаг. Тэдгээр газрууд нэг автомашин угаахдаа 70-80 литр цэвэр ус ашигладаг гэх тооцоо бий.
Тиймээс нийслэлээс 2030 он гэхэд нийслэлийн хэмжээнд саарал усны технологийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн юм. Ингэхдээ эхний ээлжид авто угаалга, ногоон байгууламж, гудамж, талбайн усалгаа, гал унтраах ажиллагаанд саарал усыг хэрэглэх аж.
Харин өчигдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Авто угаалгын газруудад автомашиныг угаахдаа цэвэр усыг ашиглахыг хориглохоор болсон" тухай мэдээлэв.
Хэрэв энэхүү шийдвэрийг ажил хэрэг болгож үнэхээр амьдралд хэрэгжүүлж чадвал бид өдөртөө л хэдэн зуун тонн цэвэр усыг хэмнэх боломж бүрдэхээр боллоо. Үүний дараагаас дээрх саарал усыг ашиглах төлөвлөгөө биелээд авбал бид цэвэр усныхаа хэрэглээг зөвхөн ундандаа хэрэглээд ирсэн цагт хойч үе минь айх аюулгүй болно бизээ.