/2023.02.16/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэжээ.
Хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллагууд болох театр, музей, номын сан, урлагийн сургууль болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалын чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
Тодруулбал, Соёлын яам нь БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Улаанбаатар хотын Төв номын санг дэмжих 5 сая ам.доллар буюу 17.5 тэрбум төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Ажлын хэсгийнхнийг Улаанбаатар хотод хүлээн авахаар болжээ.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв номын санг өргөжүүлж, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн номын сан болгохоор төлөвлөсөн байна.
Цаашид БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Монгол Улсын Хүүхэлдэйн театрын чадавхыг бэхжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын төв байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллахыг зорьж байна.