Маргааш эхлэх Зөвлөлдөх уулзалтын талаар намуудын төлөөлөл мэдээлэл хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш эхлэх Зөвлөлдөх уулзалтын талаар намуудын төлөөлөл мэдээлэл хийв

/2023.02.13/: Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш Төрийн ордонд эхлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийн бага хурлын эхэнд зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны санал асуулга амжилттай болсныг тэмдэглээд, маргааш, нөгөөдөр хоёр өдөр үргэлжлэх хоёрдугаар шатны үйл ажиллагаа Зөвлөлдөх уулзалт хэлбэрээр болно гэлээ.

Тэрбээр, зөвлөлдөх санал асуулгын хуудсанд “шинэ Үндсэн хууль”-тай холбоотой асуулт огт байхгүйг дурдаж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн фэйсбүүкийн хуудсаар байр сууриа тов тодорхой илэрхийлснийг онцоллоо. Зөвлөлдөх уулзалтаар санал асуулгад оролцогчид нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлого гэсэн багц сэдвүүдийг хэлэлцэнэ хэмээн тэрбээр нэгбүрчлэн нэрлэв. Эдгээр сэдвүүдийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлага яригдахыг үгүйсгэхгүй, түүнээс бус Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөл гэх асуудлыг огт ярихгүй хэмээн тэрбээр дурдлаа.

Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн гишүүн, АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа төрийн түшээгээр сонгогдсон цагаасаа эхлэн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа дурдаад, энэ чиглэлээр үр дүнд хүрэхийн төлөө Зөвлөлдөх уулзалтын үеэр ажиллана гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн нэрийн өмнөөс “шинэ Үндсэн хууль” гэх асуудлыг дэмжихгүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж, энэ цаг үед хамгийн тулгамдаж байгаа асуудал бол сонгуулийн болон улс төрийн намын тогтолцоо болохыг онцолж, эдгээр асуудлаар Зөвлөлдөх санал асуулгаас тодорхой үр дүн гарна гэж итгэж байна гэсэн юм. Мөн тэрбээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентыг төгөлдөржүүлэх талаар ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын төлөөлөл Т.Доржханд хууль, эрх зүйн өнөөгийн зохицуулалтаар шинэ Үндсэн хууль батлах гэх зүйл байхгүй гэсэн намынхаа байр суурийг илэрхийлж, Монгол Улс бол ардчилсан улс, иймд бид парламентын ардчиллаа дэмжиж, бэхжүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн юм.

Үүний тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий хэмээн өгүүлээд, энэ талаар сонгогчид, иргэдтэй санал солилцоход таатай хүлээн авдаг гэсэн юм. Ард иргэд өөрчлөлтийг хүсэж байна хэмээн тэрбээр онцлоод, Зөвлөлдөх санал асуулгад ХҮН ажиглагчаар орж, үр дүнг яаравчлуулан энэ долоо хоногт багтаах талаар ажиллана гэлээ.

Мөн Хэвлэлийн бага хуралд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа оролцож, Зөвлөлдөх санал асуулгад ашиглаж буй санамсаргүй түүврийн аргачлал, нэгдүгээр үе шатны санал асуулгад 1570 хүнийг сонгон оролцуулж амжилттай болсон тухай товч мэдээлэв.

Маргааш эхлэх хоёрдугаар шатны Зөвлөлдөх уулзалтад оролцох сонирхлоо 862 хүн илэрхийлснээс 812 нь баталгаажуулаад байгаа ба яг одоогоор 15 аймгийн оролцогчид нийслэлд ирэхээр замдаа гараад байна гэлээ.

Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийг төлөөлөн тус зөвлөлийн гишүүн, инженер Д.Моондой, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нар оролцов.

Эх сурвалж: УИХ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Мал эмнэлгийн ажилтнуудад яллах дүгнэлт үйлджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Мал эмнэлгийн ажилтнуудад яллах дүгнэлт үйлджээ
 
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.