/2023.02.02/ Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Улмаар тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулсан байна. Ингэхэд 19 настай, эрэгтэй “А” гэгч нь 24 настай эрэгтэй "З" гэгчийг гар, хэвлий, хоолой хэсэгт хутгалж гэмтээсэн байжээ. Хэргийн шалтгааныг тодруулбал, А гэгч нь өнгөрсөн сарын 31-ний өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёота маркийн тээврийн хэрэгсэлд сууж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлсэн байна. Гэвч тээврийн хэрэгслийн жолооч “З” гэгчтэй таксины төлбөрөөс болж маргалдан, түүнийг зодож, улмаар биед мэс хүргэж гэмтээжээ. Үүний дараагаар таксины жолоочийг тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явсан байна.
Ингээд А гэгч нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг тээврийн хэрэгслийн багажнаас гарган суудалд суулгаж тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд аваачжээ. Улмаар “...найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулсан аж. Одоогоор хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Хохирогч одоогоор эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байна талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.