/2023.02.01/ 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлангийн үр дүнг танилцууллаа.
Судлаач Б.Мөнгөнжигүүр:
-Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.Тус аймаг өнгөрсөн онд мөн тэргүүлж байсан. Үүний араас Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймаг эрэмбэлэгдсэн байна. Эрэмбийн хувьд ямар нэг өөрчлөлт гараагүй.
Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Сүүлийн 5 байранд эдгээр аймаг эрэмбэлэгдсэн байна гэлээ.
Мөн тэрээр:
-Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлэг байдаг. Тодруулбал, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хөгжлийн хувьд авч үздэг.
Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг нэгдүгээрт, Орхон аймаг хоёрдугаарт эрэмбэлэгдээд байна. Харин Баян-Өлгий, Баянхонгор аймаг хамгийн бага үнэлгээг авсан байна. Харин засаглалын үр ашгийн хувьд Дорноговь аймаг тэргүүлж, удаах байранд Говьсүмбэр аймаг эрэмбэлэгдлээ. Харин Ховд, Дундговь аймаг хамгийн сул үзүүлэлтийг үзүүлсэн байна.
Бизнесийн үр ашгийн үнэлгээгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган, Говь-Алтай аймаг хамгийн бага үнэлгээг авлаа. Дэд бүтцийн хувьд Дорноговь аймаг нэгдүгээрт, Орхон аймаг хоёрдугаарт орлоо. Харин Баянхонгор, Булган аймаг хамгийн бага оноог авсан байна гэлээ.