Ц.Амаржаргал: Хэчнээн ядуу ч хүүхдүүд ээж, аавынхаа дэргэд л хамгийн жаргалтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Амаржаргал: Хэчнээн ядуу ч хүүхдүүд ээж, аавынхаа дэргэд л хамгийн жаргалтай

No description available.
"Цөлийн сарнай" төвийн захирал Ц.Амаржаргал

Монголд хараа хяналтгүй хаягдсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах ганцхан төв байдаг. Тус төвийн захирал Ц.Амаржаргалтай ярилцлаа.

-Танай төв хэдэн онд байгуулагдсан бэ?

-Манай төв 2007 онд байгуулагдсан. Америкийн сайн дурын ажилтан, англи хэлний багш эмэгтэй монголд ирж амьдрахдаа уг төвийг нээсэн түүхтэй. Түүнийг өглөө бүр орцноосоо гарахад жаахан охидууд картон цаасан дээр унтаж байдаг байжээ. Эхлээд тэр охидтой танилцаж, хоол өгч, хувцасладаг байсан ч орон гэргүй охидын тоо улам ихссэн гэдэг. Тиймээс тэр эмэгтэй хүүхдүүдэд хоол өгөхийн оронд, тухайн охидыг хүсэл мөрөөдөлд нь хүргэх гүүр болох хэрэгтэй гэж бодсоны үнсэн дээр хэдэн найзтайгаа нийлж “Цөлийн сарнай” төвийг нээсэн юм.

Тэрээр хүнд хэцүү орчинд өсөж буй охидыг сарнай болгон ургуулна хэмээн бэлгэдэж төвийнхөө нэрийг өгсөн.

-Танайх байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл хичнээн охидыг асран хамгаалж, ажиллаж байна вэ?

- Манайх 2007-2009 оны хооронд түр хоноглох байр гэсэн статустай байсан. Дөнгөж байгуулагдаад санхүүжилт байхгүй байсан учраас орой 5 цагт хүүхдүүдээ хүлээж авч, усанд оруулж, хооллож ундлан ахуйн үйлчилгээ үзүүлээд өглөө 10 цагт гаргадаг байсан. Энэ ажлыг хийх хоёр жилд хүүхдүүдийн тоо нэмэгдсэнээс өөр ямар ч үр дүн гараагүй. Тиймээс 2009 оноос хойш 24 цагийн үйлчилгээтэй болж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш урт болон богино хугацаагаар 150 гаруй охидыг асран хамгаалсан. Богино хугацаа гэвэл 1-3 сар. Харин урт хугацаа гэвэл 3-аас дээш жил гэж хэлж болно.

Манай төвд байдаг хамгийн жаахан охин 3 настай. Хамгийн том нь 32 настай. Дараагийнх нь 25-тай. Хүмүүс охидын асрамжийн төв байж яагаад 25, 32 настай эмэгтэйчүүд байлгаж байгаа юм бол гэж гайхаж магадгүй. Учир нь дээрх эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна бүтэн өнчин. Хэдийгээр 32 настай боловч сэтгэхүйн хувьд 4,5 настай хүүхдийнхтэй адил байдаг.

Тухайн охид манай асрамжийн төвийг нээж байх үед гудамжинд хаягдчихсан, маш хүнд амьдралтай, сэтгэцийн эмнэлгийн харьяалалтай хүүхдүүд байсан. Маш их татаж унадаг учраас өдөр бүр эм уудаг байсан. Гэхдээ тухайн охид маань энд байх хугацаандаа өөрийн гэсэн орон зайтай болж, хүлээн зөвшөөрөгдөн сэтгэл санаа нь тайвширч ирсэн. Энд ирснээс хойш татаж унахаа больж эм ч уухаа больсон. Тэд 18 нас хүрээд асрамжийн газраас хасагдаж манай төвд ирсэн.

-Одоогоор танай төвд бүртгэлтэй хэдэн хүүхэд байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар манай төвд бүртгэлтэй 26 хүүхэд байна. Гэхдээ албан ёсны бүртгэлтэй 20 хүүхэд байгаа. 6 нь хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин оюутнууд байдаг. Тэд нар маань энд байдаггүй. Хотын төвд байр түрээсэлж өгч тэндээсээ хичээл сургуульдаа явдаг.

Манайд ихэвчлэн Улаанбаатар хотын дүүргүүдээс хүүхдүүд ирдэг. Орон нутгаас гэвэл Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас нэг охин байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумаас нэг охин ирсэн.

Тухайн хүүхэд хөдөлмөрийн чадамжтай болж насанд хүрээд өөрийн амьдралаа авч явж чадна гэх хүртлээ энд байрлаж болно. Охид маань өөрийн хүсэлтээр манай бүртгэлээс хасагдаад явдаг. Хамаатан садан нь байдаг хүүхдүүд тэд нарыгаа түшчихнэ. Харин бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд л дийлэнхдээ үлддэг. Энд ирсэн хүүхдүүд асрамжийн төвөө өөрсдийнхөө гэр л гэж боддог.

Бид хүүхдүүддээ “Бид чамайг хайрлаж, хүлээн зөвшөөрч байна. Чи ямар хүсэл мөрөөдөлтэй байна. Түүндээ хүрэх хүртэл чинь бид дэмжих болно. Чамд боломж байгаа. Боломжоо л ашигла” гэж хэлдэг.

-Амьдралын хэцүү орчин нөхцөлд байсан хүүхдүүдтэй ажиллахад юу хамгийн хүнд байдаг вэ?

-Юуны түрүүнд гэр бүл, эцэг эхийн маргааны улмаас шархалсан, зан төрхийн өөрчлөлтөд орсон хүүхдүүд хэцүү байдаг. Хоёрт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өмгөөлж хамгаалах хүнгүй, гэр бүлийнхээ дайсан болсон хүүхэд бас хэцүү.

Эцэг эхийнхээ гар дээр тарвалзаад байж байх ёстой нялх хүүхэд тэгж чадахгүй тусгаарлагдаж ирэхийг харна гэдэг маш хүнд байдаг. Хүүхэд ээж аавынхаа харилцаанаас аз жаргалыг мэдэрч амьдардаг. Гэтэл тэдний харилцаанаас болж зан төрхийн өөрчлөлтөд орсон, сэтгэцийн өвчтэй болсон хүүхдүүд байдаг.

Тухайн хүүхдийн гэр ядуу, хоол ундгүй, галгүй ч байж болно. Хүүхэд ээж аавынхаа дэргэд л хамгийн их аз жаргалтай байдаг.

Өнөөдөр “Үрийн санаа ээжид, ээжийн санаа ууланд” болчихсон байна. Одооны хүмүүс ихээхэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон. Охин нь “Ээж ээ та намайг хэзээ авах юм бэ” гээд ярихаар “Чи 18 нас хүртлээ наанаа байж байгаад дээд сургуулиа төгсчих. Тэгээд ээж нь чамайг очиж авья” гэдэг. Энэ бол хүүхдээ шууд хаяж байгаагаас ялгаагүй шүү дээ. 18 нас хүрээд хөдөлмөрийн чадамжтай болчихсон хүүхэд хүлээж авах гээд байгаа эцэг эхчүүд зөндөө байна. Маш олон хүүхэд өнчирч байна. Эцэг эхийнх нь сонирхол бол тэдний хүүхдийн мөнгөөр л амьдрах хүсэлтэй.

Иймэрхүү эцэг эхчүүдтэй хариуцлага тооцох хүн огтхон ч алга. Үүнтэй холбоотой хууль, цагдаа хүчнийхэн байгаа ч ажлаа хийдэг нэг ч хүн байдаггүй.

-Асрамж, халамжийн салбарт боловсон хүчний нөөц хэр байдаг вэ?

-Асрамжийн төв бол маш хүнд салбар. Энд тэвчээртэй, сэтгэлтэй, зүрхтэй хүмүүс л ажилладаг. Гэхдээ энэ салбарыг үнэлэх үнэлэмж маш доогуур байдаг.

Нийгмийн ажилтан, сэтгэлзүйчээр төгссөн мэргэжилтнүүд асрамж, халамжийн салбарт тун ховор. Үүний шалтгаан нь маш хүнд салбар учир амархан шантардаг, ачаалал даах чадвар муутай. Мөн цалин бага учир манай салбарт бараг орж ирдэггүй.

Монголд 17 салбарын 21 асрамжийн төв байдаг. Үүнээс охидын ганцхан асрамжийн төв байдаг нь манайх.

Ажилчдын цалингаа хандиваар тавьдаг. Манайх сайн дурынхныг ажиллуулдаг. Гэхдээ одоо цар тахал гээд түр зогсчихсон байна.

-Ажилчдаа авахдаа ямар шалгуур тавьдаг вэ?

-Охидод маань элэгтэй, ээж шиг нь байж чадна гэсэн үүднээс 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг ажилтнаараа сонгодог. Өдийг хүртэл маш олон саад бэрхшээлтэй нүүр тулсан. Хэдийгээр Америк эмэгтэй энэ төвийг нээсэн ч гэсэн монгол хүмүүсийн хандив тусламжаар уг төвийн үйл ажиллагааг авч явдаг.

Одоогоор манайх сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, багш гээд 10 ажилчинтай. Төрөөс санхүүжилт байхгүй учир болохоос болохгүйгээ хүртэл бор зүрхээрээ зүтгэж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Та бүхэн “Цөлийн сарнайд гэрэл туслаа” сурвалжлагыг уншихыг хүсвэл ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

Орос, Хятадын төмөр замыг холбосон гүүр ашиглалтад оржээ
Орос, Хятадын төмөр замыг холбосон гүүр ашиглалтад оржээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.