
/2025.7.2/ Өнөөдөр өглөө 7.00 цагаас эхлэн наадмын тасалбар enaadam.mn сайтаар онлайнаар худалдаалагдсан. Гэвч долоодугаар сарын 11, 12-ны тасалбар онлайн худалдаа нээсэн даруйд ердөө 10 минутад тасалбар борлуулагдаж дуусчээ.
Наадмын 11, 12-ны өдрийн тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдсан бөгөөд нэг хүн хоёр тасалбар л худалдан авах эрхтэй байсан юм.
Гэвч худалдан авах боломж тун маруухан байсан талаар иргэд бухимдлаа сошиал орчинд илэрхийлж байна. Тухайлбал иргэн Ц.Чимэддондог:
-Өнөө өглөө enaadam.mn сайтаар наадмын нээлтийн тасалбарыг 07:00 цагт зарж эхлээд 10 минутын дотор 12-13 мянган тасалбар дууслаа. Уг нь нэг хүнд хоёрыг л зарна гэж зарласан. Гол нь 13 мянган тасалбарыг 10 минутанд зар дуусах боломжтой юу? Техникийн боломж, бодит байдал хоёрын зөрүүг шалгах гээд үзлээ.
13,000 тасалбарыг нэг хүнд 2 ширхэгийг зарахад хамгийн багадаа 6,500 хүн худалдан авалт хийсэн байх ёстой. Энэ нь нэг секундэд 10-11 хүн тасалбар авсан гэсэн үг. Гэтэл Enaadam.mn сайтын ачаалал даах хүчин чадал ямар вэ? Enaadam.mn нь E-Mongolia платформ дээр ажилладаг, төрийн дижитал үйлчилгээний нэг.
Өнөө өглөөнийх шиг ийм аймаар ачаалалтай үед системийг Серверийн хүчин чадал, Хэрэглэгчийн IP, cookie, session бүртгэл, Баталгаажуулах код (captcha), OTP) зэрэг хамгаалалт, Хэрэглэгчийн интернетийн хурд ба төхөөрөмжийн хариу үйлдэл зэрэг хүчин зүйл хязгаарлалт үзүүлдэг.
Жирийн хэрэглэгч системд нэвтэрч, сонголт хийж, төлбөрөө баталгаажуулах үйлдэл хийхэд наад зах нь хамгийн хурдандаа 30 секунд шаардлагатай. Бүр супер хурдтай боломжоор хангагдсан үед шүү.
Манайх гэртээ Мобикомын давгүй хурдан шилэн кабелтай. Гэхдээ надад байдаг хурдаараа тасалбар худалдан авахад 2-3 минут шаардлагатай. Ингээд тооцоолохоор 6500 хэрэглэгч нэгэн зэрэг хамаг хурдаараа тасалбар худалдан авалт хийхэд 10 минут ёстой хангалтгүй, уучлаарай....
Тэгвэл яасан байх нь вэ? Би бол систем энэ хэт их ачааллыг тэсвэрлэх боломжгүй гэж харж байна. Тиймээс ямар нэгэн бүлэг зохион байгуулалттай этгээд Бот, API захиалга, дотоод хандалтын аргаар тасалбарууд авсан байх магадлалтай.
Бот бол хүн биш, программ бөгөөд хэдхэн секундэд хэдэн зуун тасалбарыг жирийн мань мэтийг сайт руу нэвтрэх гээд амжаагүй байхад “шүүрчихдэг.” Монголд ч онлайн худалдаанд бот ашигласан сэжиг бүхий тохиолдлууд өмнө гарч байсан.
API ашигласан захиалгыг мэргэжлийн хүмүүс хийдэг. Вэбсайтын сервертэй холбогдож өгөгдөл солилцох маү хурдан зам бөгөөд хэн нэгэн сайтаас шууд API замаар захиалга явуулбал, энэ нь хэрэглэгчийн гар утаснаас хийж буй товчлуур дарах үйлдлээс хэд дахин хурдан болно.
Дотоод хандалт буюу урьдчилсан захиалга бол цахим системээр тасалбар борлуулах ажлыг зохион байгуулж буй байгууллагын дотоод хүн эсвэл хамтарсан этгээд тодорхой тооны тасалбарыг өмнө нь “нөөцлөх” буюу дарж авах боломжийг ашигласан гэсэн үг шүү. Өөрөөр хэлбэл Enaadam.mn-ийн сервер рүү хандах эрхийг түрүүлж авсан хэрэглэгчид, байгууллага доторх техникийн ажилтнууд өөрсдөө урьдчилан нөөцлөх боломжтой юм. Төрийн албан хаагчид мэргэжлийн хүмүүстэй хамтраад ашиг олох гээд байгаа юм биш үү ер нь..
Энэ наадмын нээлтийн тасалбарын цахим борлуулалт сүүлийн жилүүдэд иргэдийг дандаа бухимдуулдаг боллоо. Тиймээс одоо төрийн дижитал үйлчилгээний эрх бүхий байгууллгаас тодорхой тайлбар хийх шаардлагатай. Мөн аудит оруулах хэрэгтэй болж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.