Хөгжлийн банкныхан ТӨХК-иудыг ГАМНАЖ, хувийн компаниудыг НАМНАВ уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкныхан ТӨХК-иудыг ГАМНАЖ, хувийн компаниудыг НАМНАВ уу?

/2023.1.19/ Хөгжлийн банкны зээлдэгчид болон албаны хүмүүсийг байлцуулсан сонсгол гурван өдөр үргэлжиллээ.

Сонсголд хувийн хэвшлийнхэн ирсэн байх бөгөөд тэдэнтэй холбоотой зээлийн асуудлыг ширүүхэн хэлэлцэв.

Харин их хэмжээний зээл адилхан л авсан ч, зээлээ огт төлөөгүй мөн сонсголд ирээгүй хүмүүс бол төрийн өмчит компанийхан. Тэднийг анхнаасаа Хөгжлийн банкныхан огт дурсахгүй байгаа бөгөөд зөвхөн хувийн хэвшлийнхнийг ярьсаар өнөөдрийг хүрсэн юм.

Тухайлбал, Дулааны IV цахилгаан станц 278,3 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авсан байдаг. Энэ үед Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн ажиллаж байв. Гэвч өнөөдрийг хүртэл энэ зээлнээс нэг ч төгрөг эргэн төлөгдөөгүй. Эцэстээ Ц.Даваасүрэн сайд "Энэ зээлийг төр төлөх ёстой" гэдэг дээрээ тулсан. Яагаад төрийн өмчит компанийн авсан алдагдалтай зээлийг татвар төлөгчид халааснаасаа төлөх ёстойн учир одоо хүртэл тодорхойгүй.

Хувийн хэвшлийнхэн ханшийн зөрүүний дарамтад орж, байгаа бүхнээ шавхан зээлээ төлж байхад төрийн өмчит компанийхан "Төрөөр төлүүлчихье" гээд улайхгүй хэлэхийг дуугүй сонссоор, ямар ч шалгалтыг холбогдох албаныхан огт хийхгүй байгаа нь хачирхалтай.

"Төрөөр төлүүлэх" жагсаалт үүгээр дуусахгүй. Эгийн голын усан цахилгаан станцын 30,1 тэрбум төгрөг, Эрчим хүчний яамны 42 тэрбум төгрөгийн өр гээд ар араасаа хөвөрнө. Хэн ч тэднийг шалгахгүй, хэдэн арван тэрбум төгрөгийн зээлийг огт мэдэхгүй мэт царайлцгааж байна.

Хачирхалтай нь, Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих ажлын хэсэгт их хэмжээний зээл авчихаад "Төрөөр төлүүлчихье" гээд байгаа Ц.Даваасүрэн сайд орж ажилласан нь тохуурхалтай бөгөөд ашиг сонирхлын зөрчил шууд харагдана. Гэвч Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой "дабль стандарт" үүгээр дуусахгүй.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРГИЙГ СӨХӨХГҮЙ БАЙНА УУ?

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын "Түгээмэл түмэн" компани 24 тэрбум төгрөгийн зээл авсан. Нүүрс тээврийн Тайван зогсоол руу орсон энэ компани зээлээ төлөхгүй л байгаа. А.Сүхбат УИХ-ын гишүүн байхдаа энэ зээлийг авсан ч мөн л шалгасангүй.

Хэдийгээр зээлээ төлчихсөн ч УИХ-ын гишүүн болох Ц.Анандбазар, Ч.Ундрам нарын хэрэг өнөөдрийг хүртэл мөн л дурсагддаггүй. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор эдгээр хүмүүсийг огт шалгахгүй байгаа нь бас л өнөөх "дабль стандарт".

Дабль стандарт буюу хууль дүрэм хүмүүст өөр өөрөөр үйлчлэх болсон энэ шударга бус тогтолцоо зарим хүн дээр жигтэйхэн үйлчилнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарын гурван гишүүнтэй холбогдсон зээлийн асуудлыг удтал ярьж, нэр хүндийг нь харлуулсан. Гишүүн Г.Амартүвшин "Вертекс майнинг партнер" компанийн 33 тэрбумын зээлтэй огт холбоогүй гэдгээ илэрхийлж, шалгуулахын тулд бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн ч, хүлээж аваагүй. Эндээс харвал зөвхөн түүний нэр төрийг харлуулах л чухал байсан бололтой.

Гэх мэтээр Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт дээр яригдах ёстой, цаашид шударга хандах шаардлагатай олон асуудал байна.

ФОТО: Ардчилсан намын даргын сонгууль
ФОТО: Ардчилсан намын даргын сонгууль
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.