/2023.01.18/: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах үүднээс “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан нээлттэй зарласан байна.
Энэхүү сонгон шалгаруулалтад нийт 183 алба хаагч суралцах хүсэлтээ гаргасан бөгөөд өчигдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаас 102 алба хаагч тэнцжээ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчид ирэх сараас эхлэн Филиппин улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцана.
Мөн сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашид АНУ-д хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорьж байгаа аж.