/2023.01.11/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Мөн үеэр ноён Андрей Михневийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнав.
Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан, нийслэлийн иргэдийн амьдрах орчин, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан зохион байгуулж, “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж ажилласан тул түүнийг ийнхүү Хангарди одонгоор шагнасан юм.
Тэрбээр шагнал авах үеэрээ “Хотын дарга миний хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж, уг шагналыг олгож байгаад баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн банк болон Улаанбаатар хот хоорондын харилцаа улам бэхжин гүнзгийрсэн. Бид одоо үргэлжилж буй төслүүдээ эрчимжүүлэн, шинэ төслүүд хэрэгжүүлэх үндсийг тавьж чадсан. Ирэх жилүүдэд Дэлхийн банк Улаанбаатар хотын найдвартай, итгэлтэй түнш байсаар байх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг. Тийм ч учраас хуримтлагдсан асуудал, бэрхшээл олон бий. Улаанбаатар хотыг ямагт дэмжин ажилладаг, хамтрагч түнш болох Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд, нутаг буцах боллоо. Богино хугацаанд хамтран ажилласан ч ололттой, амжилттай зүйлүүд олон бий” хэмээн тодотгосон юм.
Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группийн гишүүнээр элсэж, дэд бүтцийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, олон бүтээн байгуулалтыг цогцлоосон. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Эх сурвалж: НЗДТГ