/2023.01.06/: Нийслэлийн удирдлагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, тус хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан билээ.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний хэсэг буюу есөн бүлэг, 38 стандартыг НИТХ-аар баталж, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ.
Тэгвэл нэгдсэн стандартын хоёрдугаар хэсэг буюу 29 стандартын төслийг боловсруулаад буй. Энэхүү төслийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, мэргэжлийн бүх байгууллагын саналыг тусгах, оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтийн дунд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн аюулгүй байдал, барилгын материал зэрэг 29 стандартын төслийг таван хэсэгт багцлан товч танилцуулж, холбогдох байгууллага, иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Улаанбаатар хотын өнгө үзэмж, төлөвлөлтөөс эхлээд иргэдийн амьдрах орчин, зам, нийтийн тээвэр гээд бүхий л хүрээнд нөлөөлөх энэхүү стандартуудын төслийг хэлэлцүүлж байна. Энд хэлэлцэж буй төслүүдэд иргэд, олон нийт, байгууллагуудын санал, шүүмжлэл тусаж байж бүгдэд ээлтэй, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хэрэгжүүлэхэд хялбар баримт бичиг боловсруулна. Цаашлаад баталсан стандартуудыг хэрэгжүүлэх, хяналт тавихад ч иргэд, олон нийтийн оролцоо чухал юм” хэмээв.
Мөн стандартуудын төслийг боловсруулахдаа Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, гаднын улс орнуудын сайн жишигт нийцүүлэн, хялбар, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарсан талаар хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 300 орчим хүн оролцож, санал, бодлоо хуваалцаж байна.
Эх сурвалж: НЗДТГ