/2023.01.04/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, дэмжигдлээ.
Сүүлийн жилүүдэд улстөрчдийн нэр холбогдосон нүүрсний хулгайн гэх хэргийн асуудалд иргэд олон нийтийн жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрээд байна. Тиймээс энэ үед дээрх хуулийн төсөл маш чухал байна. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан гэдэгт УИХ-ын гишүүн, Сайд, Аймаг нийслэлийн Засаг дарга нарыг хамааруулан үзэж байна. Мөн тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд багтана.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна. үүнд,
- Төрийн албанд удирдах албан тушаал хаших
- Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээлд хамрагдах эрхийг хязгаарлана.
- Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд орууллаа.
Үүнийг тухайн хүний аж ахуй нэгж эрхлэх эрхэд халдаж байна гэсэн утгаар ойлгож болохгүй. Тухайн хүн аж ахуй эрхэлж болно. Мөн төрөөс зарлаж буй тендерт оролцох эрх нь ч гэсэн нээлттэй. Гагцхүү хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хүлээн зөвшөөрнө гэсэн баталгаа гаргасан тохиолдолд улс төрд сонгогдох, томилогдох эрхээ эдэлнэ.