/2022.12.26/: Парист гурван курд хүнийг буудан хөнөөсөн гэж сэжиглэгдсэн этгээд "гадаадынхныг үзэн ядах эмгэгтэй байсан" гэж Францын албаны хүмүүс мэдэгдэв.
Зургаан жилийн өмнө гэрт нь хулгай орсноос хойш 69 настай эр "цагаачид болон гадаадынхныг алахыг үргэлж хүсдэг болсон" гэж Парисын прокурорын газраас ням гарагт мэдэгдсэн байна.
Тэрээр баасан гарагийн өглөө цагаачдыг алж, дараа нь өөрийгөө алахаар шийдсэн бөгөөд Курдын соёлын төвийн гадаа гурван хүнийг хөнөөж, гурван хүнийг шархдуулсан бөгөөд шархадсан хүмүүсийн нэг нь түүний зэвсгийг салгаж чаджээ.
Сэжигтэнг галт тэрэгний машинист байсан гэх бөгөөд өнгөрсөн бямба гарагт хэргийн газраас баривчилж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд одоогоор хэрэгтний нэрийг зарлаагүй байна
Хэрэв түүнийг сэтгэцийн эмчилгээнээс эрүүл хэмээн суллавал түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах сэдэлтээр хүн амины хэрэг үйлдсэн, алахыг завдсан, галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж шүүх аж.
Хэрэг гардаг өглөө сэжигтэн эхлээд Парисын захын Сент-Денис буюу цагаачид олноор суурьшдаг газар руу гадаадынхныг хөнөөх зорилгоор очсон боловч тэнд цөөн хүн байсан тул шийдвэрээ өөрчилсөн гэж прокурорууд мэдэгджээ.
Тэрээр төлөвлөгөөгөө орхиж, хотын 10-р хороололд байдаг эцэг эхийнхээ гэрийн ойролцоох курдын төвд очжээ.
Тэрээр тэнд байсан нэг эмэгтэй, хоёр эрэгтэй рүү гал нээж, гудамжны эсрэг талд байрлах курдуудын ажиллуулдаг үсчин гоо сайхны салон руу орж гурван эрэгтэй рүү буудсан байна. Үсчинд шархадсан хүмүүсийн нэг нь түүнийг зогсоож, цагдаа нарыг иртэл барьж чадсан гэж прокурорын мэдэгдэлд дурджээ.
Курдууд Францын цагдаагийн алба хаагчдыг болсон үйл явдалд хэтэрхий хойрго хандсан хэмээн бухимдаж байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera