/2022.12.23/: АНУ болон Канад даяар дайрч өнгөрөх Арктикийн хүйтэн агаараас болж тус улсуудад агаарын хэм огцом хүйтрэх бөгөөд гараа ил гаргалаа гэхэд 5-10 минутын дотор л хөлдөнө гэж анхааруулж байна.
Шуурга ширүүсч байгаа тул томоохон нисэх буудлууд олон мянган нислэгээ цуцалжээ.
Энэ Зул сарын баяраар сүүлийн хэдэн арван жил тохиолдоогүй их хүйтэн болж магадгүй гэж цаг уурчид мэдэгдэв.
Үндэсний цаг уурын албанаас (NWS) мэдээлснээр энэ долоо хоногийн эцэс гэхэд тус улсын зарим хэсгээр -45-50 хэмд хүрч хүйтэрч болзошгүй талаар анхааруулсаар байна.
Айовагийн Дес Мойнс хот гэх мэт томоохон метроны газруудад ч хөлдөлт нь томоохон аюул болно гэдгийг тэд анхааруулав.
Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол зүгээр нэг цастай өдөр шиг биш, энэ бол онц ноцтой нөхцөл байдал" гэж хэлэв.
Цаг агаарын аюултай үзэгдлээс болж Кентакки, Хойд Каролина, Баруун Виржиниа, Нью-Йорк, Жоржиа, Оклахома мужуудын захирагчид онц байдал зарлалаа. Нью-Йоркийн Буффало хот мөн онц байдал зарлаж, баасан гарагт сургуулиудаа хаахаар болжээ. Висконсин мужид цаг агаарын байдлаас болж "эрчим хүчний онцгой байдал" зарлажээ.
Мэрилэнд зэрэг бусад мужууд шуурганы өмнө яаралтай тусламжийн ажиллагааг идэвхжүүлсэн бол бусад нь хоргодох байруудыг нээгээд байна.
Эх сурвалж: ВВС