/2022.12.23/: Хэдхэн долоо хоногийн өмнөхөн Хятад Ковидыг барих хатуу бодлогыг хэрэгжүүлж зарим хотуудыг бүхлээр нь хөл хорионд оруулж байсан.
Гэтэл иргэдийн эсэргүүцлээс болж энэхүү хатуу бодлогоо эрс зөөлрүүлж ковидгүй болох бодлогыг тэр чигт нь сулруулснаас хятад даяар хэдэн сая хүн ковидын халдвар аваад байна. Гэсэн хэдий ч Хятадын Засгийн газраас иргэдийг ковидын халдвар авсан хэдий ч ажилдаа явахыг зөвлөж байгаа аж.
100 сая гаруй хүн амтай Уху, Чунцин, Гуйян хотууд болон Жэжян мужууд халдвараас урьдчилан сэргийлэхэд бус аж амьдралаа дахин сэргээхэд анхаарч байгааг илтгэсэн удирдамжийг саяхан төрийн байгууллагын ажилтнуудад гаргажээ.
Ингэхдээ шинж тэмдэг илрээгүй, хөнгөн өвчилсөн ажилчид "эрүүл мэндийн байдлаа хянаж, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээ авсны дараа хэвийн ажиллаж болно" гэж Чунцин, Вуху хотын эрх баригчид хотын захиргааны вэбсайтад нийтэлсэн байна.
Гурван жилийн турш үргэлжилсэн хатуу арга барил нь тус улсад Ковидийн тохиолдол болон нас баралтыг харьцангуй бага байлгаж чадсан хэдий ч эдийн засаг, хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байснаас ийнхүү бодлогоосоо ухарчээ.
Хятадын Засгийн газраас энэ сарын эхээр Ковидийг тэглэх бодлогоос татгалзах шийдвэр гаргасан нь уналттай байгаа эдийн засаг, бухимдсан оршин суугчдад тайвшрал авчрах нь дамжиггүй. Гэвч гэнэтийн эргэлтийг урьдчилан сэрэмжлүүлэг, бэлтгэл багатайгаар хийсэн тул ковидын халдвар эрс нэмэгдлээ.
Эх сурвалж: CNN