/2022.03.25/: БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайханы “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022” зөвлөгөөний үеэр өгсөн ярилцлагаас...
Г.Цогтсайхан: Орон сууц, нийтийн аж ахуйн салбар нь иргэдийг шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой ажилладаг. Өдөр дутам 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ард иргэдэд үйлчилж байдаг нийгмийн хөгжлийн гол суурь болсон салбарын нэг. Цаашид салбарынхаа үйл ажиллагааг хэвийн явуулах, хүрсэн амжилтуудаа бататгах, үйлчилгээгээ чанаржуулах зорилтыг бид дэвшүүлж байна. Гэсэн ч манай салбарт тулгамдсан асуудлууд багагүй байна. Тухайлбал салбарын маань хүний нөөцийн асуудал хүндхэн байна. Үндсэндээ бол мэргэжилтэй боловсон хүчний хомсдол бодитой нүүрлэсэн.
Шинэ залуу боловсон хүчнүүд ирэх нь бага байна. Зарим жилд 2-3 хүн манай салбарын мэргэжилтнээр төгсөх тохиолдол ч гарч байна. Тиймээс хүний чиглэлдээ стратеги бодлого нэвтрүүлэх чиглэлийг бид зөвлөгөөнөөрөө ярьж байна. Дараагийн нэг тулгамдсан асуудал бол санхүүгийн алдагдал. Өнгөрсөн жилүүдэд зардлаа нөхөх хэмжээнд байгаагүйн улмаас ихэнх байгууллагууд маань алдагдалтай ажиллаж ирсэн. Манай салбарын хуримтлагдсан нийт алдагдал 256 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн онд гэхэд 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
Манай үйлчилгээний үнэ тариф бусад салбаруудтай харьцуулахад хямд байдаг. Үүнээс болоод ажилтан албан хаагчдын цалин Улсын дунджаас бага байдаг. Мөн эрчим хүчний салбар, харилцаа холбооны салбар зэрэг дэд бүтцийн бусад салбаруудтай харьцуулахад бага. Аймгуудын НАА-н салбарын цалин мөн л аймгийн дунджаасаа бага, Үүнээс болоод ажилтан албан хаагчид ажлаас гарах тогтвор суурьшилгүй байдал үүсэх болсон. Товчхондоо хямд зохимжтой үнэ тарифаар иргэдэд хэрхэн чанартай үйлчилгээ үзүүлэх вэ? ажилчдынхаа ур чадварыг хэрхэн чадавхижуулах вэ?, хүмүүсийнхээ тогтвор суурьшилтай байдлыг яаж хангах вэ?, олон жилийн настай техник технологи, шугам сүлжээгээ хэрхэн зөв арчилж авч явах уу, зайлшгүй шинэчлэх шаардлагатай техник технологио хэрхэн шинэчлэх вэ?гэсэн эдгээр асуудлуудаа бид шийдвэрлэхийг зорьж, энэхүү зөвлөгөөнөө зохион байгуулж байна.
Эх сурвалж: БХБЯ