/2022.12.12/ АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. Бүлгийн хуралдаанаар оффтэйк гэрээний асуудлыг хэлэлцжээ.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-6 жил үнэмлэхүй засагласан эрх баригчид, Засгийн газар "Бид асуудлыг мэдээгүй, одоо ил болгож байна" гэж яриад байж байна. Зургаан жил хаана байсан хүмүүс энэ асуудлыг яриад байгаа юм бэ. Өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн тайлбарууд хийж байна. Өнөөдөр төр, ард иргэдийн хооронд итгэлцэл байхгүй болчихсон байна.
Оффтэйк гэрээний түүхийг яривал 2011 оноос эхлэлтэй. Сү.Батболд Ерөнхий сайдын үед анхны оффтэйк гэрээнүүд хийгдэж эхэлсэн байдаг. ЭТТ, Оюутолгой, Эрдэнэт компаниуд дээр энэ гэрээ хийгдэж байсан. Сүүлд ил болсон гэрээнүүдийн ихэнх нь 2022 оных байна. Эдгээр гэрээг ил болгож үүссэн нөхцөл байдлыг хааш нь чиглүүлэх гээд байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Одоогоор зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээнүүд ил болчихсон байгаа. Бусад борлуулалтын гэрээнүүд хаана байна вэ. Нэмээд бусад ТӨҮГ-ын компаниуд дээр ямар гэрээ хийгдсэн бэ гэдгийг ил болгох ёстой гэлээ.