/2022.12.09/ Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдолтой байж болзошгүй найман хүнийг цагдан хорьсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн билээ.
Тодруулбал,
- "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг,
- Б.Ганхуягын эхнэр,
- Б.Ганхуягын эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр,
- "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин,
- "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж,
- тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан юм.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Б.Ганхуяг нь "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй нотлох баримтууд цугласан тул цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай. Түүний гэр, оффист үзлэг хийж байна гэж мэдээлсэн юм.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхээс "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг нэг сар, Чингэлтэй дүүргийн шүүхээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг нэг нэг сар үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ.
Харин "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан байна.