Судалгаатай шийдлүүд, оновчтой шийдвэрүүд буюу Улаанбаатарын “тархи”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Судалгаатай шийдлүүд, оновчтой шийдвэрүүд буюу Улаанбаатарын “тархи”

/2022.12.09/: Нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдэхдээ олон талт, хараат бус, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, шинжилгээнд суурилдаг жишиг дэлхийн хотуудад нэгэнт тогтжээ.

Улаанбаатар хотын хувьд ч энэ жишгийг дагаж, салбар салбарын судлаач, шинжээчдээс бүрдсэн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан билээ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасанчлан Бодлогын судалгаа шинжилгээний төв буюу Улаанбаатар хотын “Think tank”-ийг анх удаа байгуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлж буй нь энэ. Хотын “тархи” гэж хэлж болох энэ төв өнгөрсөн ахархан хугацаанд нийгэм, эдийн засаг болон хүрээлэн буй орчны чиглэлээр цөөнгүй судалгаа, шинжилгээний ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгээд байгаа нь чамлахаар зүйл биш.

Д.Сумъяабазар: Асуудлын шалтгаан, цар хүрээ, шийдэл, гарах үр нөлөөг тооцоолж байж оновчтой шийдвэр гарна

Цаашдаа Улаанбаатар хотын асуудлыг шинжлэх ухааны арга аргачлалаар тодорхойлж, суурь мэдээллийг бий болгож, үр ашигтай шийдэл, арга замыг тодорхойлохын ач холбогдлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ийнхүү онцолж байна.

-Хотын даргын хувьд шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ? Үүнд судалгаа, шинжилгээ ямар жин дарж байна вэ?

-Нийслэл гэдэг том айл. Асуудал олон, хамрах хүрээ, далайц нь том. Энэ утгаараа ч, нийт иргэдийн амьдралд даруй, шууд нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа ч хотын удирдлагын гаргаж буй шийдвэр эгзэгтэй, бас маш хариуцлагатай зүйл. Тэгэхээр хар таамгаар, эсвэл ганцхан нөхцөл байдалд үндэслээд шийдвэр гаргачих боломжгүй. Аливаа шийдвэрийг гаргахад төр, иргэд, нөхцөл байдал, үр дагаврууд гээд олон зүйлийг бодолцож, энэ бүгдийн огтлолцол дээр шийдэх ёстой. Тиймээс ч Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв буюу “тинк танк”-ийг Засаг даргын санаачилгаар анхлан байгууллаа. Одоо гарч байгаа, цаашид гарах шийдвэрүүд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд суурилсан, олон талыг тооцоолсон байдлаар гарч байна.

-Шийдвэрийг ингэж гаргахын давуу талыг та юу гэж харж байна вэ?

-Асуудал хэзээ ч нэг талтай байдаггүй, ганцхан хүчин зүйлээс шалтгаалдаггүй. Бидэнд хамгийн их тулгамдаж байгаа замын түгжрэлээр жишээ авъя л даа. Түгжрэлд хот төлөвлөлтийн, нийгмийн, эдийн засгийн, бүр боловсролын тогтолцоотой ч холбоотой асуудлууд нөлөөлж байна. Тэгэхээр ийм олон талтай асуудлыг шийдэхийн тулд эдгээр нөхцөл байдлыг бүгдийг нь харгалзах ёстой. Ингэхийн тулд салбар салбарын мэргэжилтнүүд, судлаачид асуудлын шалтгаан, цар хүрээ, шийдэл, гарах үр нөлөөг тооцоолж байж оновчтой шийдвэр гарна. Өөрөөр хэлбэл, асуудлыг намжаах, гал унтраагаад өнгөрөх биш, харин шийдэх нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг.

Р. Дагва: Шинжлэх ухаанч судалгаа хийж, байгаа оносон гаргалгаа санал болгоно

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р. Дагваас уг төвийн талаар, мөн хийж буй ажлуудынх нь талаар тодрууллаа.

-Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн онцлог юу вэ?

-Хамгийн түрүүнд онцлох зүйл гэвэл баг байна. Салбар салбарын, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин нэгдээд, хараат бусаар асуудалд хандаж, шинжлэх ухаанч судалгаа, шинжилгээ хийж, байгаа оносон гаргалгаа, шийдлүүд санал болгоно.

Нөгөө талаас асуудлаа томоор, өргөн цар хүрээгээр харж тодорхойлсноор гарч байгаа шийдвэрүүд иргэдийн ая тух, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэнд гээд бүхий л талд ээлтэй гарна.

-Танай хамт олон ямар байдлаар ажиллаж, судалгааг хэрхэн хийдэг вэ?

Хотын зам, дэд бүтцээс эхлээд хүнсний аюулгүй байдал гээд хэд хэдэн тулгамдсан асуудал дээр баг маань одоогоор судалгаа хийж байна. Ингэхдээ статистик мэдээллийг нэгтгэж байна, дата анализ хийнэ. Процессын хувьд орон зайн дүн шинжилгээ хийнэ, систем динамик загварчлалыг боловсруулна, үр ашгийг нь тооцоолно. Товчхондоо асуудалд олон талаас нь, шинжлэх ухаанчаар хандаж судална гэсэн үг.

-Энэ судалгаа, дүгнэлт, шийдлүүд хотын удирдлагын шийдвэрт хэрхэн нөлөөлөх вэ?

-Нэг талаасаа бодлогын том шийдвэрүүд, бүтээн байгуулалтууд, хамгийн их тулгамдаж байгаа асуудалтай холбоотой шийдлүүд оновчтой, үр дүнтэй, үр дүн нь иргэнд ээлтэй байна. Нөгөө талаас нь харвал, шийдвэр гаргах процесс илүү шуурхай, салбар хоорондын уялдааг хангасан болно.

Энэ бүхэн эргээд хотын хөгжилд, иргэдийн амьдралд даруй, шууд үр дүнгээ өгөх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мэдээ мэдээллийн өнөөгийн эринд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн найдвартай, бодит мэдээллийн ач холбогдол өссөөр байна. Аливаа асуудлыг шийдэх, бүтээн байгуулах, өөрчлөхдөө тооцоо, судалгааг чухалчлах нь ирээдүйд гарч болох олон асуудлаас сэргийлнэ. Улаанбаатарын хувьд ч бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан, санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болсон нь бас нэг зөв алхам болно гэж харж болно.

Эх сурвалж: НЗДТГ

ЗХА-ын хотын дарга нар Хүн амын төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцлээ
ЗХА-ын хотын дарга нар Хүн амын төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.