/2022.12.01/: Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болох Монгол Улсын Филармонийн дэргэдэх "Морин хуур" чуулгын тоглолт Токио хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хоёр улсын Засгийн газар Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, соёл, урлагийн 100 гаруй арга хэмжээг хамтран зохион байгуулав.
Японы “NHK” телевизийн их танхимд “Морин хуур” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа тоглолт хийж, Японы олон нийтэд морин хуурын гайхамшигт эгшиг аялгууг сонордуулав.
Тус тоглолтыг Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако, Гадаад хэргийн сайд Ё.Хаяши болон Монгол, Японы харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн төр, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг нийт 3500 гаруй хүн үзэж сонирхсон юм.
Эх сурвалж: ГХЯ