Financial Times: Доналд Трампын хүү Жуниор Монголд ирэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзжээ
 

Financial Times: Доналд Трампын хүү Жуниор Монголд ирэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ОХУ-тай холбоо бүхий бизнесмэн Умар Кремлевийн хамт Монголын баруун бүсэд хоёр өдөр ан хийсэн талаар “Financial Times” сонин мэдээллээ.

Тус сонины аравдугаар сарын 27-нд нийтэлсэн эрэн сурвалжлах материалд дурдсанаар, Трамп Жуниор болон Оросын бизнесмэн Умар Кремлев нарын Монголд хийсэн аяллыг орон нутгийн хөтөч, албаныхны мэдүүлэг, нислэгийн бүртгэл, олон нийтийн сүлжээний мэдээлэл болон нээлттэй баримт бичгүүдэд тулгуурлан сэргээн тогтоожээ.

Мэдээллийн дагуу Кремлев Казахстанаас Улаанбаатар хотод ирсний дараа Монголын баруун хэсэгт байрлах Трамп Жуниорын ангийн бааз руу явсан байна. Тэрбээр АНУ-ын хоригт багтсан “Voskhod” хөрөнгө оруулалтын сангийн түнш, Оросын бизнесмэн Артур Мартиросовын хамт аялжээ.

Кремлев Трамп Жуниортой хоёр өдөр хамт байсан бөгөөд дараа нь Улаанбаатар хотод буцаж ирсэн байна. Аяллын талаар мэдээлэлтэй нэгэн эх сурвалж “Financial Times”-т ярихдаа, тэд ангийн баазад хамтдаа гэрэл зураг авахуулахаас зайлсхийсэн гэжээ.

Тэдний харилцаа бизнесийн бус, хувийн нөхөрлөл гэв

Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгч Кремлевтэй найз нөхдийн харилцаатай болохыг баталсан ч бизнесийн холбоо хамааралгүй гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Дон өөрөө Умартай бизнесийн бус, хувийн нөхөрлөлийн харилцаатай гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэдний нөхөрлөл голчлон ан агнуур, загасчлал болон байгальд цагийг өнгөрүүлэх нийтлэг сонирхолд тулгуурладаг” хэмээн тайлбарлажээ.

Мөн хамтдаа ан хийхээр явсан нь гайхах зүйл биш гэдгийг онцолсон байна.

Ховор аргаль агнаж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзжээ

“Financial Times”-ийн мэдээлснээр, Трамп Жуниор Монголд байх хугацаандаа хамгаалалтад байдаг ховор амьтдын нэг болох Алтайн аргаль агнасан аж. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзсан талаар мэдээлжээ.

Алтайн аргаль нь хамгааллын онцгой анхаарал шаарддаг, ховордсон зэрлэг хонь юм. Иймээс уг ан агнуурын хууль ёсны байдал, зөвшөөрөл болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл анхаарал татаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байсан, сөрөг тагнуулын асуудал хариуцаж байсан Холден Триплетт Оросын тусгай албад ийм төрлийн хувийн харилцаанд анхаарал хандуулж болзошгүйг анхааруулжээ.

Тэрбээр “Оросын аюулгүй байдал, тагнуулын алба хэн нэгэн өндөр үнэ цэнтэй хүнтэй харилцаатай байгааг мэдсэн мөчөөс эхлэн уг харилцааг өөрсдийн зорилгод ашиглахыг оролдоно” гэж хэлсэн байна.

Хуримын зардлыг нь санхүүжүүлсэн гэх өмнөх дуулиан

Умар Кремлев нь Олон улсын боксын холбоог (IBA) тэргүүлдэг бөгөөд өмнө нь ОХУ-ын Боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Тэрбээр Дональд Трамп Жуниорын хуримтай холбоотой баяр ёслолын арга хэмжээний зардалд хэдэн зуун мянган ам.доллар гаргасан гэх мэдээлэл өмнө нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

“ProPublica” хэвлэлийн эрэн сурвалжлах нийтлэлд Кремлевтэй холбоотой, Дубайд бүртгэлтэй байгууллагаар дамжуулан уг төлбөрийг санхүүжүүлсэн талаар мэдээлсэн байна. Трамп Жуниорын төлөөлөгчид төлбөр хийгдсэнийг хүлээн зөвшөөрч, Кремлевийг хувийн найз нь хэмээн тайлбарласан бол Кремлев хожим Трамп Жуниор түүнд зардлыг буцаан төлсөн гэж мэдэгджээ.

АНУ-ын Ардчилсан намын хууль тогтоогчид уг асуудлыг шалгахыг шаардсан бол АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш шалгах шаардлагатай зүйл юу байгааг асууж байсан байна.

Одоогоор Монголд хийсэн ангийн аялал болон хуримын зардалтай холбоотой өмнөх мэдээллүүд нь Трамп Жуниорыг хууль бус үйлдэл хийсэн гэдгийг нотлох баримт биш юм.

Эх сурвалж: Financial Times, ProPublica

“Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсоно
“Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсоно
 
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.