Ашиглуулсан ЗАНДАН
 

Ашиглуулсан ЗАНДАН

Г.Занданшатар МАН-ыг хагалж бутаргах ажлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд идэвхтэй хийж байна гэж Д.Амарбаясгалан хэлэв. Угтаа түүний хэлдэг үнэн. Монгол ардын нам сүүлийн 12 жил Монгол Улсын төрийн эрх мэдлийг эзэгнэж ирсэн. Тасралтгүй гурван сонгуульд олонхи байж ирсээр өнөөдрийг хүрсэн билээ. Гэтэл тэдний карьер Г.Занданшатарын буянаар зогсож буй бололтой. МАН-ын олон жилийн үнэмлэхүй ялалтын цаад учир тэдний эв нэгдэл түүнээс гадна сайн менежерийн үүрэг нөлөө байсан гэгддэг. МАН-ын дотоод зөрчил хаанаас эхлэсэн гэвэл 2024 оны сонгуульд АН хүч түрэн орж ирсэн хэдий ч МАН олонхи суудлаа авч чадсан явдал. Улмаар 2024 оны сонгуулийн дараах хамтарсан засаглал, 2025 оны эрх мэдлийн асуудлаас үүдсэн улс төрийн хямрал байв. Мөн намын удирдлага болон Засгийн газрын эрх мэдлийн төлөөх тулаанаар дотоод зөрчил эхэлсэн. Тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг нураах ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Я.Содбаатар, Г.Занданшатар нар эхлүүлж, энэ ажилд оройлон ажилласан Г.Занданшатар Ерөнхий сайд болох тохироо хийсэн гэдэг. Харин нөгөө талд МАН УИХ-д 68 суудалтай байсан ч Ерөнхий сайдаа авч үлдэх хэмжээний дэмжлэгийг өөрийн намын гишүүдээс бүрдүүлж чадаагүй явдал юм. Ингэснээр 2021 оноос хойш дөрвөн жил орчим Засгийн газрыг тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх дуусгавар болсон.

Үүний улмаас МАН-ын дотоод зөрчил Засгийн газрын бодлогын маргаанаас намын удирдлагыг хэн авах вэ гэсэн асуудал руу шилжив. Намын даргын төлөө Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөж, санал хураалтын эхний шатанд Д.Амарбаясгалан 56.1 хувь, Г.Занданшатар 44 хувийн санал авсан. Намын дүрмээр шаардлагатай гуравны хоёрын босго хэнд ч хүрээгүй. Гэвч хоёр дахь шатанд Г.Занданшатар болон түүний дэмжигчид оролцоогүй бөгөөд үлдсэн гишүүдийн санал хураалтаар Д.Амарбаясгалан ялалт байгуулсан тухай мэдээлсэн байдаг. Энэ үйл явдал Г.Занданшатарт нам доторх дэмжлэг байхгүй гэдгийг харуулсан. Мөн үеэр нам доторх эрх мэдлийн зөрчил, хуучин болон шинэ үеийн улс төрчдийн өрсөлдөөнийг ил тод харуулсан юм.

Тэрбээр Улсын их хуралд суудал ч үгүй нэгэн байв. Мөн намын дэмжлэг ч үгүй атал У.Хүрэлсүхийн дэмжлэгээр Ерөнхий сайд болсон. Харин төд удалгүй түүний Засгийн газар дахин унасан. Цаадах учиг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал. Иймээс Г.Занданшатар олон таван үггүй суудлаасаа бууж, Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэл ажлаа хангасаар байжээ. Сарын өмнөөс кампанит ажлаа эхлүүлж, 1000 залуусыг цуглуулж, “Нэг Монгол” хөдөлгөөнийг хүртэл эхлүүлсэн. Түүгээр ч барахгүй уриа дуу хүртэл гаргасан байдаг. Ийн их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан тэр өнөөдөр хөсөр хаягдав. Гэсэн ч Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэл тээсэн хэвээр л байгаа. Үүний тулд түүнд намын дэмжлэг чухал.

Иймээс Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг уулзуулж эвлэрүүлэх арга чарга оролдож үзэж. Тэр үеэр Г.Занданшатар Д.Амарбаясгалангаас “Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжээч” гэсэн хүсэлт тавьж, харин хариуд нь Д.Амарбаясгалан “дэмжихгүй” гэж хэлээд бараг л “салаавч” гаргаж гэнэ. Ингэхээр Д.Амарбаясгаланг дагагчид түүний дэмжихгүй нь тодорхой харагдана.

Уг нь Г.Занданшатар улс төрийн карьерийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийн суудалд залрах өндөр боломжтой тоглогч байсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж, нэр цэвэр, зангараг заасан хүн гэдгээрээ олон түмний дунд ч нэр хүндтэй нэгэн байв. Гэтэл Ерөнхийлөгчийн багийн захиалгаар намын зодооны эхлэлийг тавьж залуу үеэ нугачин дарах ажлыг удирдсан. Угтаа бол Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх амлалт л түүнийг ийн хөдөлгөсөн. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн баг Г.Занданшатарыг ашиглаж, ашиглаж хаяв. Одоо тэр намдаа ч нэр нүүргүй, олон түмэнд ч МАН-ыг хуваасан “золиг” нэр зүүсэн учраас Ерөнхийлөгч болох нь “лөөлөө” болжээ. Үүнийгээ мэдсэн тэр “шатаж” яваа сурагтай. Ийн түүний улс төрийн карьер эцэслэгдэж, харин шатрын холбооны Ерөнхийлөгчөөрөө ажиллах боломж үлдэж байна.

Б.АМИ

Хар тамхинд хашаа нь “онгорхой“ Монгол
Хар тамхинд хашаа нь “онгорхой“ Монгол
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.