/2022.12.01/: Өнгөрсөн хоногуудад агаарын хэм огцом хүйтэрсний улмаас нийслэлийн агаарын чанар мэдэгдэхүйц хэмжээнд бохирдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд яг одоогийн байдлаар МҮОНРТ-ын ойр орчмын агаар Бага бохирдолтой буюу агаарын чанарын индекс 183-ыг зааж байна.
Гэхдээ өнгөрсөн 24 цагийн хугацаанд Баянхошуу орчмын агаар дахь РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 461-ийг зааж маш их бохирдолтой байжээ.
Хэдийгээр сайжруулсан шахмал түлшээр галлаж байгаа ч зуухны чанар муу байгаагаас агаарын бохирдол буурахгүй байгаа тухай холбогдох албаныхан мэдэгдэж байгаа.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрсээр галладаг уурын зуухнууд болон автомашины яндангаас ялгарч буй утаа ч агаарыг ихээр бохирдуулж байна.
Агаарын бохирдол өндөр байршилд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагах шаардлагатай.
Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.