/2022.11.29/: Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээний 2022 оны үйл ажиллагааны тайлангийн сэтгүүлийн нүүрт үндэсний хувцастай Монгол охиныг онцолжээ.
Тус тайланд аянд нэгдсэн улс орнуудаас ирүүлсэн зурагт мэдээ, мэдээлэл, үйл явдлуудын тоймыг багтаадаг бөгөөд дэлхий даяарх хүүхэд залуучууд, олон нийт, улс орнуудын “Дэлхийн мөнгөний долоо хоног” -т зориулсан баялаг санаануудыг нийтэлдэг аж.
Хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлж, тэднийг санхүүгийн зөв шийдвэр гаргаж сурахад шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах, ур чадвар, дадал хэвшилд сургах зорилготой тус аянд манай улсын банк, санхүүгийн салбар болон төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцдог уламжлалтай.
Жил бүр улс орон бүхэн өөрийн онцлог өнгө төрхтэй оролцдог бөгөөд манай улсын хувьд үндэснийхээ соёл уламжлалыг давхар сурталчилсан үйл ажиллагааг явуулсан нь ийнхүү бусад улс орнуудаас ялгарч, зохион байгуулагч байгууллагаас Монгол Улсыг тайландаа ийнхүү онцолжээ.
Жил бүрийн гуравдугаар сард олон улсын хэмжээнд тэмдэглэдэг “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд өнөөг хүртэл 176 орон нэгдэж, 53 сая хүүхэд залуус хамрагдаж, 219 сая хүнд хүрч, 16 мянга гаруй байгууллага хамтран оролцож иржээ.
Эх сурвалж: Монголбанк