/2022.11.23/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар миний хариуцсан чиглэлд хоёр том шийдвэр гарсан байгаа. Эхнийх нь, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжих тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Өөрийн орлогоороо орон нутгаа авч явдаг зургаан аймаг бий. Мөн Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэг байдаг. Тиймээс хотоос шилжин суурьшиж буй иргэдийг тухайн аймаг, дүүрэг хүлээж авах тал дээр анхаарч ажиллах асуудлыг тогтоолд тусгасан. Тухайн орон нутгууд 20 хүртэлх хувиар хүн амаа нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзсэн. Харин бусад аймгийн тухайд 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Энэхүү ажилд 2023 оны төсөвт тодорхой хөрөнгө суулгаж өгсөн байгаа. Тухайлбал, орон нутагт шилжих иргэдийг 3 хувийн ипотекийн зээлд хамруулах, төрийн алба хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх гэх мэт. Мөн газрын асуудал хөндөгдсөн. Газрын тухай хууль одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа.
Энэ ажлыг эзэнтэй байлгах үүднээс Аймгийн засаг даргын орлогч нар, Улсын хэмжээнд салбар хариуцсан Дэд сайд нар төвлөрлийг сааруулахад манлайлж ажиллана. Түүнчлэн ерөнхий удирдлагаар ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан болон миний бие ажиллана. Харин ажлын хэсгийг Сангийн сайд ахална.
Улаанбаатарт байгаа иргэд маань өөрсдөө орон нутагт шилжих хүсэлтэй байна. Дархан-Уул аймаг 110 мянган хүн амтай, дэд бүтэц сайн хөгжсөн. Мөн нэлээд олон хүн хүлээж авах боломжтой гэж харж байгаа. Тиймээс тус хотод оршин суухад хамгийн тохиромжтой гэлээ.