/2022.11.03/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 53 дахь хуралдаан болж, нийт 21 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн автотээврийн хэрэглээг хязгаарлаж, уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны 204 дүгээр тогтоолоор Засгийн газрын автобааз, улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг өгсөн байгаа. Ингээд ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаад Засгийн газрын автобааз, улсын төсөвт үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагааг өөрчилж Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчиллөө.
Энэ газар нь 164 тээврийн хэрэгсэлтэй. 210 орчим ажилтан, алба хаагчтай. Улсын төсвөөс жилд 3-3,2 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байсан. Цаашид 100 автомашинтай, 105 ажилтан, алба хаагчтай аж ахуйн тооцоонд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болох юм.
Засгийн газрын автобааз нь Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлнэ. Орон нутаг дахь томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана. Автобаазуудыг олон улсын жишигт нийцсэн, стандартыг хангасан, орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өгч байна гэв.